БУЛГАН: Зуу гаруй мянган жуулчин, аялагч иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-12-15 11:52:25

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оныг байгальд ээлтэй ногоон “Аялал жуулчлалын жил” болгон зарлаж, үйл ажиллагаа зохион байгуулснаар 100,0 гаруй мянган жуулчин, аялагчдыг хүлээн авч үйлчилсэн байна.

-Манай аймаг хөгжлийнхөө гол чиглэлийг аялал жуулчлалын салбараар тодорхойлж, “Ногоон хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичиг, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тодорхой зорилтуудыг дэвшүүлж аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд танилцуулах, санал авах зорилгоор Visit Bulgan 2022” аялал жуулчлалын цахим форумыг зохион байгууллаа. 

 Аймгийн хэмжээнд "Хангинахын шугуйн шагайн тойром", "RFC Mongolia Bulgankhangai-2022" автомашины олон улсын бартаат замын уралдаан, "Айраг наадам", Улаанбаатар хотноо "Airagday", "ITM Mongolia 2022" үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Эдгээр ажлыг зохион байгуулахад гадаадын 8500, дотоодын 100,0 мянга орчим аялагч зорин ирснээр 1,0 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлогыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олсон байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай ярилаа.

Аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор байгаль, рашаан сувилал, түүх, соёлын төрлийн контент, видео бичлэгийг мэргэжлийн байгууллагаар хийлгэжээ. Мөн улсын төсвийн 200.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Рашаант сумын Элсэн тасархай, Баян-Агт сумын Хануй рашаанд отоглох цэг байгуулсан байна.

Холбоотой мэдээ