Сагил сумын орчимд дахин газар хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-12-16 09:12:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Сагил сумын төвөөс баруун зүгт 40 километрийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө.  Газар хөдлөлт өнөөдөр Улаанбаатарын 8.27 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Үүний өмнө энэ газарт 12 дугаар сарын 12-ны 19.56 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.


Түүнчлэн, Баян-Өлгий аймгийн Булган сумын төвөөс зүүн урд зүгт 34 километрийн зайд шөнө Улаанбаатарын 03.07 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. 


Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 

Холбоотой мэдээ