ӨМНӨГОВЬ: Тухайн бүс нутгийн түүхийн гол мэдээллийн 90 гаруй хувийг музейгээс авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-01-09 10:33:27
Ц.Отгонтуяа Говийн байгаль, түүхийн музейн дарга

Өмнөговь /МОНЦАМЭ/ Эрт галавын үеийн амьтны түүхэн өлгий, ашигт малтмалын уурхай болсон Өмнөговь аймгийн  өвөрмөц байдлыг харуулсан палеонтологи, байгалийн баялаг ашигт малтмалын бүс нутагт олон зуун жил амьдарч ирсэн ард түмний баатарлаг түүх, угсаа соёлын асуудлыг цогцоор нь тусгасан шинжлэх ухааны үндэслэлтэй, үзүүллэг дэглэлтдээ техник технологийн дэвшлийг ашигласан, төгс гүйцэтгэл бүхий дизайнтай, агуулгын нэгдэл бүхий дэлхийн жишигт нийцүүлсэн Говийн байгаль, түүхийн музейн үйл ажиллагаа улам өргөжин хөгжиж байна. Тус музейн дарга Ц.Отгонтуяатай уулзаж ярилцлаа.


-Говийн байгаль, түүхийн музей шинэ байрандаа ороод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ямар          онцлох  ажлууд  хийсэн бэ?

-Өнгөрсөн 2022 он бол манай хамт олны хувьд  их бүтээлч жил болж өнгөрлөө. Хуучин байрнаасаа нүүж шинэ байрандаа  орж тохижих, түүхийн үнэт үзвэрүүдээ байршуулах, үзэгчдэдээ яаж гоё сайхнаар үзүүллэг дэглэлтээ хүргэх вэ гэдэг тал дээр их бодож ажиллалаа. Палеонтлогийн шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран үзүүлэх дэглэлтээ хийсэн. Шинэ байрандаа орж нээлтээ хийж эхэлснээс хойш он дуустал бид 70 хувийн үзүүлэлт дэглэлттэйгээр үйл ажиллагаагаа    явууллаа. 

Нийтдээ 58 мянган хүн үйлчлүүсэн бөгөөд хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилсэн. Мөн соёлын өвийн боловсролыг музейн үзмэрээр дамжуулан хүүхдүүдэд сургах танхим үргэлж ажиллаж байна. Тус танхимаараа дамжуулаад насанд хүрэгчид, тусгай хэрэгцээт хүүхдүүд, иргэд олон нийтэд сургалтуудыг байнга явуулдаг. Өнгөрсөн онд бид соён гэгээрүүлэх чиглэлээр нийт 35 үйл ажиллагааг зохион байгуулжээ. Эрдэм шинжилгээний  их, бага хурлууд зохион байгуулах, орон нутгийн түүхийг харуулсан баримтат киног гаргадаг 180 хүний суудалтай кино лекцийн танхимаар мөн үйл ажиллагаагаа хүргэсэн. Манай музейн хамт олон бусдыгаа тэргүүлэн манлайлж ажиллах эрхэм зорилготойгоор л ажиллаж байна.


-Аймгийн музей 21 аймагтаа төдийгүй Монголдоо жишиг орчин үеийн стандартад нийцсэн музейтэй болсонд их баяртай байна?

-Тийм шүү. Ер нь бол 21 аймаг буюу Монгол улсдаа анхдагч гэж хэлж болно. Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтаар энэхүү бүтээн байгуулалтыг хийж, бидэнд хүлээлгэн өгсөнд маш их баяртай байгаа. Өнгөрсөн хугацаанд цар тахалтай байсан ч гэсэн манай музейг үзэх гэж хүмүүс ирсээр байлаа. Гадаадын жуулчид тодорхой хэмжээнд ирсэн ч дотоодын аялагчид илүү их зорьж ирсэн. Бид цайны цаг ч үгүй ажиллах үе цөөнгүй байлаа. Тэгэхээр Өмнөговь аймгийг зорьж ирэх нэг шалгаан нь манай музей болж байна. Нөгөөтэйгүүр гадаад, дотоодын жуулчид их ирвэл аймгийн бизнес эрхлэгч болон орон нутгийн эдийн засгийн хөгжилд тодорхой нөлөө үзүүлнэ. 

Бид зориод ирж байгаа үзэгч олонд мэргэжлийн хэмжээнд орон нутгийнхаа түүх, соёлын өвийг хүргэхээр үнэхээр сэтгэл зүтгэл гарган ажиллаж байна. Одоо ч гэсэн хоёр оны зааг дээр хүмүүсийн хөл татрах үед үйл ажиллагаагаа түр зогсоогоод  үзүүлэлт дэглэлтдээ баяжуулалт хийж байна. Музей гэдэг явц дундаа шинэчлэгдэн сайжирч байдаг байгууллага л даа. Судалгаа шинжилгээ хийж бусад аймаг, сумаас ялгарах онцлог давуу талуудаа түлхүү гарган харуулах ажлууд зохион байгуулж байгаа. Мөн хүүхдүүдийн анхаарлыг татаж, танин мэдэхүйг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг талаасаа төлөвлөлт   хөгжүүлэлтийг хийгээд явж байна.

-Говийн байгалийн түүхийн музейн бусдаас ялгарах гол онцлог тал нь юу вэ?

-Музейн хувьд анхнаасаа үзүүлэлт дэглэлт, интерьер дизайн нь ямар байх вэ гэдэг нарийн төлөвлөгөө  гарсан. Ажлын    баг байгуулж, БШУЯ-ны сайдаар үзүүлэх дэглэлтийн төлөвлөгөөгөө батлуулж, төлөвлөгөөний дагуу бүх гүйцэтгэлүүд хийгдсэн. Тэгэхээр мэргэжлийн стандартад нийцсэн барилга байгууламжтай музей гэсэн үг.  Харин бүтээл үзмэрийн хувьд Өмнөговь аймаг өөрөө үлэг гүрвэл төдийгүй хоёр бөхт тэмээний өлгий нутаг тул мэдээж энэ талдаа илүү.

Музей давхар давхартаа үзүүлэх дэглэлтийн ерөнхий агуулгыг харуулсан. B1 давхарт үлэг гүрвэлийн хэсэг байдаг бол нэг давхарт уул уурхай, эрдэс баялагтай нутаг учраас ашигт малтмал геологи уул уурхайн онцлогийг харуулсан ерөнхий үзвэрүүдээр тохижуулж зохион байгуулсан.  Харин хоёр давхарт эртний түүх, археологийн арвин их бүтээл бий. Энэ нь манай музейн гол үзвэрүүд болдог. Үүнийг бид шинжлэх ухааны археологийн эрдэмтэн, судлаачидтай хамтран хийснээрээ судалгаатай үнэн бодит мэдээллийг иргэдэд хүргэж байгаагаараа бас нэг онцлог давуу тал болж байгаа юм. 


-2023 онд ямар төлөвлөгөөт ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Энэ жилийн хувьд Монголд зочлох жил болгон зарласан. Цар тахал ч гайгүй болж байна. Тэгэхээр аялагч, жуулчид их ирэх зураглал харагдаж байна. Тэдэнд чиглэсэн олон ажил шинээр төлөвлөн хийхээр манай хамт олон зорин ажиллаж байна. Музейн ажилтнуудыг хүмүүс харахдаа үзмэрүүдийг үзүүлээд л зүгээр зогсож байдаг гэж ойлгодог. Гэтэл түүх  соёлын энэхүү үнэт бүтээлийг үнэн зөвөөр үзэгчдэд хүргэх гэж эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийнэ. Ирээдүй хойч болсон хүүхэд багачуудыг соён гэгээрүүлэх сургалт мэдээллийг зохион байгуулна. Музейн үзмэрийн хадгалалт,  хамгаалалтаа хийдэг бөгөөд хэрхэн илүү ойлгомжтой хүртээмжтэй хүргэх вэ гээд засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг  цаг ямагт өөрсдөө бид хийж байдаг. Тэгэхээр өөрсдийн ажлын онцлог, байнга хийж хэрэгжүүлж байгаа ажлаа олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр нээлттэй ажлуудыг зохион байгуулна. Мөн бид музейн онцлогийг харуулсан түүхэн үзмэрүүдээ баяжуулах, ажиллах боловсон хүчнээ нэмэгдүүлэн чадавхжуулах тал дээр илүү анхаарч ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа


-Музейн хувьд ажиллах хүний нөөц хэр байдаг вэ?
-Хүний нөөцийн хувьд бид их дутагдалтай ажиллаж байна. Нөгөө л хуучин музейд ажиллаж байсан цөөхөн хэдэн                мэргэжилтнүүд л ажиллаж байгаа. Өнгөрсөн оны хувьд их ачаалалтай ажилласан боловч хойш сууж халшралгүй ажилласан. Тиймдээ ч  иргэдээс бидэнд санал гомдол ирээгүй. Музей үзээд гарч байгаа иргэд сэтгэл хангалуун  байгаа нь бидэнд их урам болдог. Ер бол төлөвлөгөөний дагуу бол 36 хүн ажиллах ёстой хэдий ч одоогоор 10 гаруй хүний  бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа юм. Ер нь хэтийн төлөвлөгөө гаргаж музейн өв соёлын чиглэлээр сурах хүсэл сонирхолтой төгсөх ангийн хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулж,  музейн тухай ойлголт, мэдлэг  мэдээлэл өгч, соёлын чиглэлээр сурах арга замд нь гүүр болох ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа юм.                

- Гадаад, дотоодын аялагчдын ялгаа нь юу байдаг вэ?
- Анзаараад байхад манай монголчууд аливаа зүйлийг үзэж танихдаа гараараа барьж хүрч мэдрэх сонирхолтой их                  сониуч  хүмүүс байдаг.  Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд их дураараа шууд утгаараа жаахан бүдүүлэг байдал ажиглагддаг.  Жишээ нь, ажилчдыг загнах, ховор олдворуудыг барих, дотор нь орох, зураг дарах зэрэг зохисгүй үйлдлүүд гаргадаг. Боловсон шаардлагыг хүлээж авдаггүй гэх мэт. Музей үзэх соёл гэж байдаг

- Аялал жуулчлалын компаниудтай хэр хамтарч ажиллаж байгаа вэ?
- Хил гааль нээгдэж харьцангуй хөл хориогүй болж байгаа болохоор аялал жуулчлалын компаниуд их холбогдож байна.        Хамтарч гэрээ байгуулж ажиллая үнийн саналаа явуулна уу гээд холбогдож байна. Магадгүй энэ нь зочлох жилтэй холбоотой байх. Ер нь гадны жуулчдын 80, 90 хувь нь Монголын говийг үзэхээр ирж байгаа шүү дээ. Өмнө нь манай хуучин музейд зочилдог. Нэг дор 20 гаруй хүн ороод ирэхэд орон зайн хувьд багтахгүй их хүнд байдалд ордог байсан бол одоо  асуудалгүй сайхан том музейтэй болсон. Жуулчдын ирээд хамгийн түрүүнд үздэг зүйл бол музей байдаг. Тухайн бүс  нутгийн түүхийн гол мэдээллийн 90 гаруй хувийг музейгээс нь авч, бодитоор харах газраа тодорхойлж байх жишээтэй.    Тэгэхээр жуулчдын суурь мэдлэгийг түүх соёлын музейгээс олж авах хэмжээнд байлгахын төлөө бид зорьдог. Тэгж чадаж  байвал бидний ажлын гол үр дүн нь тэр юм

- Говийн байгалийн түүхийн музейн сан хөмрөгийн баяжилт хэр хэмжээнд явж байгаа вэ? Одоогоор хамгийн       түрүүнд хийхээр төлөвлөж байгаа ажил юу байна?
- Манайх 4000 гаруй нэгж үзмэртэй. Яахав хуучин үзмэрүүдээс шаардлага хангахгүй, дутуу үзмэр цөөнгүй байгаа.                 Тэднийгээ нөхөн сэргээх, нэмж бүрдүүлэлт хийх зэрэг ажлууд хийгдсээр л байгаа. Томоохон олдворуудыг эрж хайх     судалгааны ажлууд хийхэд мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллах шаардлагатай. Мөн эрэл хайгуул малтлаг   хийхэд эдийн засгийн асуудал тулгардаг. Гэхдээ бид хойш суухгүй сан хөмрөгөө баяжуулах тал дээр цуглуулгийн   бодлогын цогц баримт бичгийг боловсруулахаар төлөвлөж байгаа. 3-5 жилийн төлөвлөлтөө гаргаад жил жилд нь       хэрэгжилтээ хийнэ. Хүний эдэлж хэрэглэж байсан угсаатны болон оюуны, эдийн соёлыг бид худалдаад авч болно.         Түүхийн болон археологийн  хэдэн зуун жил газар доор хадгалагдаж байгаа түүхийн олдворыг бид шууд авах эрх байхгүй.   Мэргэжлийн байгууллага судалгаа шинжилгээ хийж тодорхойлсны дараагаар л авах боломжтой. Гэхдээ бид 2022 онд 180 гаруй  бүтээлээр үзмэрийн баяжилтаа хийж чадсан байна.

- Орон нутгийнхаа түүх соёлыг сурталчлан таниулж байгаа музей хүний нөөцөө мэргэшүүлэх, мэдлэг мэдээлэл      олгох  тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?
- Яг үнэн. Бид ийм сайхан бүтээн байгуулалт байртай болсон. Миний хамгийн их зорьж хийхээр төлөвлөж байгаа нэг зүйл     маань боловсон хүчнээ бэлтгэн мэргэшүүлэх юм. Өнөөдөр манайд нэг доктор, хоёр магистр зэрэгтэй хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүсээ 2023 онд ахисан түвшинд сургана. Цаашлаад дараагийн 2 хүнийг сургах гээд ээлж дараатайгаар                мэргэжилтнүүдээ мэргэшүүлэн бэлтгэхээр бодож байгаа. Тайлбарлагч нарын хувьд төгс мэргэжлийн англи хэлтэй хүн   манайд орж ирэхгүй л дээ. Яагаад гэхээр цалин хэд билээ үнэхээр тийм төгс англи хэлтэй хүн Оюутолгойд ч юм уу цалин   хамгийн өндөр амласан газар л ажилд орно. Яахав мэргэжилтнүүдээ англи хэл сурах хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж   байгаа. Байгууллагаас тодорхой хэмжээгээр дэмжинэ гэсэн. Олон жилийн туршлагаас харахад жуулчид орчуулагчтайгаа   ирдэг. Гэхдээ үнэнийг хэлэхэд шаардлага хангахгүй орчуулагч байж байдаг. Бид мэдээллээ хангалттай сайхан       тайлбарлаад байдаг нөгөө хүн маань цааш нь хэр ойлгуулж тайлбарлаж байна вэ гэдэг бас асуудал юм.             Мэргэжлийн англи хэлтэй хүн хэрэгтэй байгаа талаараа дарга нарт уламжилсан.

- Сүүлийн үед дижитал хэлбэрт их шилжиж байна?
- Тийм ээ. QR, Виртуал зэрэг цахим дижитал музей тал руугаа орж ирж л байна. 2023 оны нэгдүгээр сарын байдлаар бид 20 ширхэг гол үзмэрүүдээ QR кодтой болгоно. Цаашид тодорхой хувиар нэмэгдүүлнэ. Энэ нь хөдөө орон нутгийн музейн      хувьд  бас л анхдагч ажил болж байгаа юм. Манайх үзмэрийн мэдээллээ өгөөд мэргэжлийн хүн оруулж, мэргэжлийн            хүнээр мөн хянагдаад гарч ирнэ. Энэ мэдээлэл QR кодын мэдээлэлд орно. Гэхдээ бүгдийг нь цахим болгоно гэвэл худлаа    уйтгартай шүү дээ. Хүн хүний сонирхол өөр. Залуу хүмүүс цахимаар мэдээллээ илүү ойлгоод авчихаж байгаа бол                дундаас дээш насныхан бол харилцааг илүү чухалчилдаг байх жишээтэй. Тиймээс хэт цахим гэж туйлшрах нь зохисгүй.      Бид чухал томоохон цөөн тооны үзмэрүүд дээр QR код байршуулах төлөвлөгөөтэй байна.
-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ