СҮХБААТАР: Аймгийн ЭМГ-ын даргыг ажлаас нь чөлөөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-09 16:27:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нохойд хазуулсан иргэдэд андуурч сүрьеэгийн вакцин тарьсан асуудалтай холбоотойгоор аймгийн Засаг дарга М.Идэрбат мэдээлэл өглөө. Ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр аймгийн ЭМГ-ын даргыг аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 

Улмаар аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн бодлогын ахлах мэргэжилтэн М.Дэлхийцэцэгийг ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, энэ хугацаанд даргын сонгон шалгаруулалтыг зарлахаар төлөвлөжээ. Цаашлаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга удирдлагууд болон таван сувилагчид хариуцлага тооцох ажлыг шат дараатай хийнэ гэдгийг аймгийн засаг дарга М.Идэрбат хэллээ.

Энэхүү үйл явдал нь ганц эрүүл мэндийн байгууллага биш бүхий л төрийн байгууллагуудад том сургамж болж байна. Тиймээс цаашид ажлын сахилга батаа чангатгах, дүрэм журам, стандартаа баримталж, хэрэгжүүлж ажиллахыг сануулсан ажлын даалгаврыг гаргаж бүх байгууллагад хүргүүлж байгааг ч хэллээ.

Дээрх үйл явдалтай холбоотойгоор Улаанбаатар хотоос ирсэн мэргэжилтнүүд болон орон нутгийн хамтарсан баг ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөрдөх стандарт, зааврын хэрэгжилт хангалтгүй, мэргэжилтнүүдийн хүний нөөцийн дутагдал, ажлын байрны давтан сургалт, дадлагажуулалтыг хангалтгүй хийсэн, тухайн байгууллагууд дотоод хяналт шалгалтаа хангалтгүй хийсэн гэх урьдчилсан дүгнэлтийг гаргажээ.

Одоогоор иргэдийн биеийн байдал хөнгөн, ямар нэг сөрөг зүйл ажиглагдаагүй. Нэг иргэний уушгинд нэвчдэс илэрсэн ч нарийн шинжилгээгээр вакцин тариулахаас өмнө үүссэн нэвчдэс болохыг тогтоожээ. Иргэдийн дунд бага насны хоёр хүүхэд байгаа бөгөөд иргэдэд сэтгэл санааны болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлж байгаа. Харин сувилагчдад хэрэг үүсгэж, аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа тухай ч мэдээлэл өгсөн юм. 

Холбоотой мэдээ