Нөөцийн махыг мал тарга тэвээрэгтэй байх үеэс бэлтгэж эхэлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-31 18:18:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийнхэнд зориулан 6150 тонн мах нөөцлөөд байна. Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа өнөөдөр “Мах экспорт” ХХК-ийн мах бэлтгэлийн үйл ажиллагаатай танилцах үеэр мэдээллээ. Засгийн газрын тогтоолоор нөөцийн мах бүрдүүлэлт, худалдааг энэ оноос эхлэн нийслэл хариуцах болжээ.


Гуравдугаар сард нөөцийн махыг борлуулж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажлыг хангаж байна. 2023 онд борлуулах нөөцийн махны бэлтгэлийн хүрээнд нийт 12 аж ахуйн нэгж 6150 тонн мах нөөцлөөд буйг тэрбээр дуулгалаа. 2024 онд нөөцийн мах бэлтгэлийг 10 мянган тоннд хүргэнэ гэдгийг мөн мэдээлэв.  


Тэрбээр “Нөөцийн махыг зах зээлийн үнээс хямд борлуулахаар судалж байгаа. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулж, найман нэрийн дэлгүүр болон томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаална. Шаардлагатай бол дүүргүүдэд нөөцийн мах борлуулах зориулалтын цэгийг нээн ажиллуулах юм. Аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хянах үүднээс яам, нийслэлээс хамтран Ажлын хэсэг байгуулсан” гэлээ.


Нөөцийн мах бэлтгэж буй ААН-н нэг “Мах экспорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гэрэлхүү “Наймдугаар сарын сүүлч буюу малыг тарга тэвээрэгтэй байх үеэс нөөцийн махыг бэлтгэж эхэлдэг. Манай компанийн хувьд 12 дугаар сарын сүүлч гэхэд бэлдэж дууссан. Нөөцөд хонь, ямаа, үхрийн мах бэлтгэдэг бөгөөд гэрээний дагуу 552 тонн махыг нөөцлөөд байна. Нядалгаа, үзлэг, хөлдөөлт, савлагаа зэрэг бүх үйл явцад технологийн шаардлагыг ханган ажиллаж байгаа” гэв. Тус компани нь ОХУ, БНХАУ, Казахстан улс руу мах экспортолж байна.

Холбоотой мэдээ