"Их жанжин Д.Сүхбаатар дүрслэх урлагийн бүтээлд мөнхөрсөн нь" үзэсгэлэнд 60 орчим бүтээлийг дэлгэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-02 16:39:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Ардын цэрэг, Ардын намыг үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг, жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан “Их жанжин Дамдины Сүхбаатар дүрслэх урлагийн бүтээлд мөнхөрсөн нь” сэдэвт үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ.


Энэ удаагийн үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт хадгалж буй Монголын дүрслэх урлагийн үе үеийн уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүдээс дээжлэн 60 орчим бүтээлийг дэлгэжээ. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Сүхбаатарын бага нас”, Төрийн шагналт, Ардын зураач А.Сэнгэцохиогийн “Улсын түр цагийнхурал”, “Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжавын “Хоёр бүлгэм нэгдсэн нь”, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн “Д.Сүхбаатар”, Ардын зураач Б.Гомбосүрэнгийн “Шинэ төрийн эзэд ирлээ”, Төрийн шагналт Б.Пүрэвсүхийн “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл” зэрэг уран зургийг дэлгэжээ.


Түүнчлэн энэхүү үзэсгэлэнгээс Төрийн шагналт, Ардын зураач, уран барималч Н.Жамбаагийн “Сүхбаатар бичиг сурсан нь” баримал, Монгол Улсын  уран хатгамалч А.Цэрэнхүүгийн “Сүхбаатар” хатгамал, УГЗ, сийлбэрчин Д.Гэвшээхүүгийн “Сүхбаатар, Чойбалсан” зааны ясан сийлбэр зэрэг олон төрлийн бүтээлд Их жанжин Д.Сүхбаатарын дүрийг мөнхөлж үлдээснийг үзэх боломжтой.


Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Туулцэцэг хэлэхдээ, “Монголын Үндэсний музей жил бүр Их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр түүний өв дурсгалыг музейд хадгалагдаж буй үзмэр, эд өлгөөр баримтжуулан тусгай үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Учир нь түүнтэй холбоотой эд өлөг манай музейн цуглуулгын тодорхой хэсгийг эзэлдэг. Энэхүү үзэсгэлэнд Д.Сүхбаатар жанжны дүр төрх, үйл хэрэг дүрслэх урлагийн бүтээлд хэрхэн мөнхөрснийг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэнд дэлгэж буй бүтээлүүдийн дотор урьд өмнө нь олны хүртээл болоогүй сонирхолтой ховор бүтээл ч олон буй. Монголын орчин цагийн дүрслэх урлагт биеэ даасан сэдэв, түүхэн дүр, баатар болсон Д.Сүхбаатар жанжны бүтээлд мөнхөрсөн агшныг үзэсгэлэнгээс сонирхох боломжтой” гэдгийг тодотгов.


Урлаг судлаач О.Сосор, “Энэхүү үзэсгэлэн Ардын хувьсгалыг манлайлан удирдсан Их жанжныг түүхэнд мөнхжүүлэх түүний байгуулсан гавьяаг үр хойчдоо дүрслэх урлагаар дамжуулан таниулан сурталчлах ач холбогдолтой. Тус музейн сан хөмрөгт буй нандин бүтээлүүдийг нэг дор үзэх боломж олдож байна. 1940-1950 оны үед хувьсгалын дүр чухал байсан учир жанжин Д.Сүхбаатарын дүр маш олон бүтээлд тусч байсан. Д.Сүхбаатар жанжныг амьд сэрүүн байхад нь зурсан бүтээлчид байхгүй л дээ.  Түүхийн баримтад тулгуурлаж, мөн хамтарч байсан найз нөхдөөс нь асууж байгаад бүтээж байсан байдаг. Түүний тод жишээ нь  Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Сүхбаатарын хөрөг бүтээл юм. Энэхүү хөргийг нь Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гуайд харуулахад тун адилхан болсныг гайхаж байсан гэдэг. Мөн энэхүү танхимд Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зурсан “Д.Сүхбаатарын бага нас” хэмээх жанжны 5-6 настай болов уу гэмээр хүүхэд насны үеийг харуулсан бүтээл бий. Уран бүтээлч Д.Сүхбаатар жанжны өргөмөл дүү Хишигттэй уулзан асууж лавлахад, ногоон даалимбан дээлтэй, бүсэндээ зоос, хонх зүүж явдаг хүүхэд байсан тухай хэлсэн нь бий. Тэрхүү байдлыг монгол гэрийн хажууд, ногоон даалимбан дээлтэй нь, бага насандаа хэрсүү бодлогширсон, сэргэлэн цовоо хүүхэд гэсэн байдлаар харуулсан. Монгол хүүхэд гэдгийг гэр,  дээл, хөхөл үсээр тодотгож, хөмсгөө зангидсан байдлаар алсыг бодсон шинжьэй сууж буй дүр зургийг гаргасан гэхчлэн олон сонирхолтой бүтээлүүдийг дэлгээд байна. Энэ нь тухайн үед уран бүтээлчид маш их судалгаатай ажиллаж байсныг харуулдаг” хэмээв.


Тус үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болно.




















Холбоотой мэдээ