Монгол-Мозамбикийн харилцааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-05 11:37:51
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булган 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Мапуто хотноо тус улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюсид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Мозамбик улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюси Элчин сайд Э.Булганыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын үеэр Элчин сайд Э.Булган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг түүнд уламжилж, хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.


Мозамбик Улсын Ерөнхийлөгч Филипе Хасинто Ньюси Элчин сайдад үүрэгт ажилдаа орж байгаад нь баяр хүргэж амжилт хүсээд, Монгол-Мозамбикийн харилцааг хөгжүүлэх үйлсэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэв.


Мөн Элчин сайд Э.Булган тус улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны сайд хатагтай Вероника Натаниел Макамо Длхово-той уулзаж, 2023 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтын талаар танилцуулж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс сайд Вероника Натаниел Макамо Длхово-г оролцохыг урьсан урилгыг гардуулав. Тэрбээр урилгыг талархан хүлээн авч, хуралд оролцохоо урьдчилсан байдлаар нотлов. 


Монгол Улс, Бүгд Найрамдах Мозамбик Улсын хооронд 1975 оны 9 дүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон юм.


Холбоотой мэдээ