ТӨВ: 2022 оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн сумдад шагнал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-08 17:15:18

ТӨВ /МОНЦАМЭ/ Сар шинийн баярын босгон дээр салбар салбарын шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр ажлын үр дүнгээрээ тэргүүлсэн шилдэг 5 суманд шагнал гардууллаа.




2022 оны ажлын үр дүнгээр Эрдэнэ, Зуунмод, Алтанбулаг, Дэлгэрхаан, Эрдэнэсант сум тэргүүлсэн байна. Эдгээр сумдаас Зуунмод сум 2022 онд 80 бүтээлч ажлыг өрнүүлэн ажилласан гэдгээрээ онцлог байлаа. Тухайлбал, 80 бүтээлч ажилдаа иргэд, аж ахуй нэгжтэй хамтран ном бүтээх, худаг барих, ногоон төгөл байгуулах, гудамжны тохижилт, гэрэлтүүлэг, хүлэмж, тоглоомын талбайн тохижилт, засварын ажил, зөвлөгөөн зэрэг ажлууд багтсан байна. Харин 2022 онд Зуунмод хотод томоохон бүтээн байгуулалтууд эхэлсэн бөгөөд улс, аймаг, орон нутаг, олон улсын төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар 37 орчим тэрбум төгрөгийн ажил өрнөжээ. 


Тухайлбал, Дулааны станц, 110 кв агаарын шугам, 110/35/10 дэд станцын суурийг тавьж эхлэв. 2 дугаар хэлхээний шугам сүлжээний шинэчлэл эхэлж, 2 дахь 1000 айлын дэд бүтэц шийдэгдэн барилгын ажлыг мөн эхлүүлээд байгаа юм. Хөшигийн хөндий-Зуунмод чиглэлийн 8,4 км автозам ашиглалтад орж, “Зуунмод-80 хотхон” 90 айлын орон сууцны барилга 70 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж, 50 ортой эмнэлгийн өргөтгөлийн гүйцэтгэл 25 хувьтай үргэлжилж байна. 160 хүүхдийн дотуур байр, Баруун-Зуунмод, Баянхошуу багийн инженерийн бие даасан байгууламжийн зураг төсөв хийсэн. Зүүндэлгэр IV сургуулийн иж бүрэн засвар хийсэн ба нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэрэг олон төслүүд эхэлсэн жил байв. 

 

Энэ мэтчилэн үйл ажиллагаануудыг үндэслэн Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн үр дүнг үндэслэн шалгаруулжээ.  

Холбоотой мэдээ