ХОВД: “Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй Ховд-2” аян хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-10 08:53:00

Ховд/МОНЦАМЭ/.  Ховд аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3000 орчим иргэн байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн амьдралд оролцоход зөв оновчтой нийгмийн хамгааллын тогтолцоо болон дэд бүтцийн хүртээмжтэй орчныг бүрдүүлэх нь хамгийн чухал.

Одоогийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бий болгох, хүртээмжтэй орчны талаарх нийгмийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого үйл ажиллагаанд тусгуулах хэрэгцээ шаардлага байсаар байна.

Иймээс төрийн болон ТББ, нийгмийн үйлчилгээний байгууллагуудад хүртээмжийн үнэлгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллага бий болгох, үйлчилгээг нь сайжруулах зорилго бүхий
“Хүн бүрд ээлтэй хүртээмжтэй Ховд” аяныг өнгөрсөн онд хэрэгжүүлж байсан.

Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”, Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ дээрх аяны үйл ажиллагааг 2023 онд үргэлжлүүлэн зохион байгуулахаар шийдвэрлэж, “Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй Ховд” хоёрдугаар аяныг танилцуулах уулзалт хийлээ.

Төрийн болон нийгмийн үйлчилгээний байгууллагуудын хүртээмжийг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууллагын тоог нэмэгдүүлэх зорилготой тус уулзалтад  аймгийн төв буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг 50 орчим байгууллагын 60 гаруй төлөөлөл оролцож, төслийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө, хамтран ажиллах саналын тухай ярилцав.

Цаашид байгууллагууд хүртээмжийн үнэлгээ хийж, үйлчилгээгээ сайжруулахаар болсон байна. 

Холбоотой мэдээ