ТӨВ: Хичээнгүй Амарлингуй Гүнжийн сүм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-02-17 17:00:11

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн газар нутаг түүнд хамаарахуйц түүхэн дурсгалт эд өлгийн зүйлс элбэг. Тэдгээрийн нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Хичээнгүй Амарлингуй Гүнжийн сүм билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ Төв аймгийн музейн мэргэжилтнүүдээс тодруулсан тус сүм хийдийн тухай хураангуй түүхийг хүргэх болно.




Газар зүйн байршлын тухайд...

Улаанбаатар хотоос зүүн хойш 120 орчим километрт, Төв аймгийн Эрдэнэ сумын төвөөс баруун хойш 70 км зайд 3-р багийн нутаг Хан Хэнтийн дархан цаазат газарт орших ба Горхи Тэрэлжийн голыг гатлан зүүн хойш явж хүрдэг. Баруунбаянгийн зүүн талын намгархаг замыг өгсөхөд Хөх чулуут гэдэг бөөгнөрсөн хад бий. Тэрхүү хадны хажуугаар өнгөрөөд битүү модонд хучигдсан байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд эргэн тойрондоо нарс модон ойтой. Тус сүм хийдэд хавар, намрын цагт зочлох нь илүү тохиромжтой бол өвөл, зуны цагт тохиромжгүй байдаг. Учир нь намгархаг, ус ихтэй газар байдаг тул өвлийн цагт халтирч гулгах, зуны цагт намагт суух, их үертэй үед уснаас болгоомжлох хэрэгтэй болдог гэнэ.


Түүхийн хувьд...

Монголын язгуур угсаат гэр бүлийн нэг Түшээт ханы Чахундоржийн ач хүү Дархан чин ван Дондовдоржид 1697 онд Манж чин улсын Энх-Амгалан хаан өөрийн охин Хичээнгүй амарлингуй гүнжийг хатан /гэргий/ болгон өгчээ.

Чин улсын гүнжтэй холбоотой баримтууд нэлээд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Монгол эхнэр хүний эрдэм оюун, ёс журмыг чанд сахиж “Өглөө эрт босож, шөнө орой унтаж, хоолны дэглэм барихаас гадна Чин улсын хатан хүн байсан учраас Манж Чин улсын сургаал захиасыг хамгаалан сахиж, гэрийн дэг жаягийг ёсчлон хүндэтгэж байсан” хэмээн эрдэмтэн судлаачид тэмдэглэн үлдээжээ.

Нөгөө талаар нөхөр болох Довдондорж нь Автай сайн хааны үр ач бөгөөд сайхан төрсөн эр хүн төдийгүй эрдэм номд төгс боловсорсон шүлэг яруу найрагт дуртай хүн байсан хэмээн яригддаг. Дархан чин ван Дондовдорж, Хичээнгүй Амарлингуй гүнж хоёроос Хаживдорж, Рэнчиндорж, Гэжайдорж нарын 7 хүү төржээ. Мөн нэгэн гүнж байсан гэдэг бөгөөд хожим Хотгойдын Баярт гүний хатан болсон хойно хоёрдугаар Богд төрж байжээ. Чин улсын гүнж Монголын ноёнд хатан болон ирээд хэцүү бэрх амьдралыг туулсан боловч монгол хүнийг хайрлан амьдарч нөхөртөө үнэнч байсан учир түүхэнд нэрээ мөнхлөн үлдээжээ.


Өөрийн охиныг харь оронд хатан болгон явуулахдаа хатуу чанга үүрэг даалгавар өгч, Хичээнгүй Амарлингуй гүнж тэр үүрэг даалгаврыг нь үл биелүүлсэн учир 1740 онд Манжийн албатуудад хорлогдсон гэж түүхэн баримтуудад үлдсэн байдаг. Гүнж нас барахынхаа өмнө “Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай, Би монгол хүний эхнэр учир монгол хүн болжээ. Иймд намайг монгол газар нутаглуулаарай” гэж гэрээсэлсэн юм гэдэг.


Ингээд Манжийн хааны зарлигаар гүнжид зориулан шарилын хөшөөг 1740 онд бариулж, 13 отгийг өөр өөр хошуунаас нүүлгэн ирүүлж, уг сүмийг сахиулснаар “Сүмчийнхэн” гэх болж, гүнжийн шарилыг жил бүр тахиж байжээ.



Барилга, сүм хийдийн тухайд...

Гүнжийн бунхны цогцолбор нь 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ. 1948 оны өвөл, 1949 оны зун анх удаагаа малтлага судалгаа явуулах үед аль хэдийнэ хулгайч тонуулчдын гарт өртчихсөн байсан бөгөөд Дотоодыг хамгаалах газрынхан онгоныг хөндөж эд өлгийн зүйлийг нь авсан байна. Онгоны үлдэгдэл нь чулуун дурсгал, булшийг хамгаалсан байгууламж, Богдын хаалга, хэрмэн хана, онгон, булшны газар зэрэг 6 байгууламжаас бүрдэнэ.

Гүнжийн булш онгоны дотор талд байдаг бөгөөд булшийг хамгаалсан байгууламж нь өөрөө хэрэмтэй ба энэ нь гаднах том хэрмийн дотор байдаг. Хэрмэн хананы өндөр нь 2,5 м, өргөн, урт 70 м бөгөөд нийт талбай нь 4900 хавтгай дөрвөлжин метр байна. 

Хэрмэн дотор өмнө талд өндөр 10м, өргөн 6м хэд хэдэн баганаас бүтсэн Богд хаалга байх ба онгон нь энэ хаалганы ойролцоо барьсан, хааш хаашаа тэг дөрвөлжин хэлбэртэй хойноосоо урагш нэвт гарах замтай байна.

Судалгааны явцад өмнө талд нь байгаа булшны доор гантиг чулуун барилга байгаа нь тодорхой болжээ. Барилгын дотор талд чулуугаар хийсэн шал, 8 давхар тоосгоор нум шиг хэлбэртэй өрсөн хана байдаг. Газраас доош  3-4м гүн ухсан газарт энэ байгууламж байдаг бөгөөд дотроос нь зандан модоор хийсэн авс олжээ.


Гүнжийн онгоны үлдэгдэл

Гүнжийн онгоны үлдэгдлийн томоохон төлөөлөл бол өмнө зүг рүү хүзүүгээ сунгасан чулуун мэлхий байдаг. 1,95 м урт боржин мэлхий бөгөөд нуруун дээр нь бичээс бүхий чулуун хавтан тавиастай байдаг. Чулуун бичээсийн дээд талд хоёр луу байдаг. Голд нь манж болон ханзаар “Их чин улсын албат...,...баярыг тохиолдуулан энэхүү чуулган хөшөөг босгов” гэж бичсэн байдаг.

13 дугаар зууны нэрт хаад хутагт хувилгаадын шарилыг суварган байдлаар оршуулдаг байсан бол Төв Азийн монголчуудын оршуулгын зан үйл 17 дугаар зууны хагасаас хойш шарилтай гүндэнгийн гадуур сүм барьдаг болсон нь шинэчлэлийг харуулж байна. Гүнжийн сүмийн өрөө тасалгааны тавилга, эд хогшил, ширээ сандал, олбог түшлэг, авдар, шүүгээ, толь, хувин, домбо сэлт, хаш чулуу, нарийн шаазан, зандан, суман зэрэг модоор маш нарийн урлаж хийсэн үнэт эдлэл цөм удтал хадгалагдаж байгаад 1938-1942 оны үеэр сүйтгэгдэн тоногдсон байна.


Гүнжийн сүмийн үлдэж хоцорсон байгууламж нь:

а/ Богдын хаалганаас хоёр тийш үргэлжилсэн 2,5 метр өндөр, 4900 ам дөрвөлжин метр талбайтай хэрмэн доторх гол сүм

б/ Хэрмийн гадна талд орших харгалзагчийн байшин

в/ Цамхаг

г/ 1740 онд бариулсан Хичээнгүй Амарлингуй гүнжийн шарилын хөшөө зэрэг болно.


1949 онд Шинжлэх ухааны хүрээлэн гүнжийн булш, хөшөөний орчим хэд хэдэн газар малтлага хийж, газар дор байсан шарилын байшинг олжээ. Урьд өмнө нь тоногдсон булшаас цагаан зандан авс, чулуун хайрцаг сэлт гарсан байна. 17 дугаар зууны үеэс нутгийнхан нь Гүнжийн сүм хэмээн нэрлэж иржээ.


Б.Ренчин “Баруун баянгийн хурал” хэмээн тэмдэглэсэн нь хожим 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зууны эхэн үеэр энэ сүмд тахилч лам байх тэр цаг үед “Баруун баянгийн хурал” хэмээн нэрлэж байсантай холбоотой. “Баруун баян” хэмээсэн нь тухайн орчны газар нутгийн мартагдаж хуучирсан нэр болов уу. Энэ сүмийн барилга 18 дугаар зууны үеийн Монголын уран барилгын хийгээд эд оюуны соёлын чухал дурсгал юм. Энэ дурсгалыг анх 1941 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолоор улсын хамгаалалтад авчээ.


Хичээнгүй амарлингуй гүнжтэй холбогдох үзмэр, эд өлгийн зүйлс

Гүнжийн сүм болон Хичээнгүй Амарлингуй улсын гүнжтэй холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйл Монголын үндэсний музей болон Төв аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. Төв аймгийн музейд Гүнж болон Гүнжийн сүмтэй холбогдолтой эд хэрэглэл, барилгын тоосго, дээврийн хөх ваар, хадаас зэрэг хадгалагдаж байна.

1.Гүнжийн шүүгээ /Гүнжийн аяганы ширээ/

Улаан модон, шургуулгатай, голдоо цэцгэн суурь бүхий алтан боронзон хээтэй.


Тавцандаа хашлагатай, хашлагыг сийлбэрлэж хийсэн. Дөрвөн хөлтэй уг ширээг мод углуургадан нааж хийсэн, гуулин бариул тоног чимэглэлтэй модон сийлбэр, 4 шургуулгатай. 50,5 см урт, 38,5 см өргөнтэй, нийт өндөр нь 35,5 см, 8400 орчим килограмм жинтэй. XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үед Түшээт хан Чахундоржийн хатан, Манжийн Энх-Амгалан хааны охин Хичээнгүй Амарлингуй гүнжийн хэрэглэж байсан эдлэл хэмээн үзэж 1960 онд үзмэрт авсан.

2. Аяга, цайны сав

Судлаач З.Оюунбилэг, Ж.Наранчимэг нарын “Гүнжийн сүм” номдоо “Зүү утасны сав”-ыг Чингийн үеийн цайны сав болохыг судалгаагаар тогтоосон бөгөөд сав болон аяга нь cloisonne паалантай гэж тодорхойлсон байна. Cloisonne гэдэг нь эд зүйлийн гадаргуу дээр үнэт металл утсаар загварын дагуу зургийг гаргаж, түүнийг паалангийн зуурмагаар дүүргэж бүтээсэн чимэглэлийн паалангийн урлаг юм.


Гүнжийн хэрэглэж байсан цайны сав, аяганы паалан унасан хэсгийг ажиглахад Cloisonne паалангийн урлалын техник мэдэгдэнэ. /З.Оюунбилэг, Ж.Наранчимэг нарын “Гүнжийн сүм” номын 143,144-р тал/

Гүнжийн аяганы өндөр нь 5,4 см, диаметр нь 10,5 см


Гүнжийн цайны сав нь 8 см, диаметр нь 7,6 см хэмжээтэй байдаг байна.

 

 

Холбоотой мэдээ