Д.Чойжамц: "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жил дэлгэр сайхан жил болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-02-16 18:35:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц өнөөдөр "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. 


Тэрбээр мэндчилгээндээ, "Туулай жилийг монголчууд хөнгөн, уян, зөөлөн гэдэг. Туулай жил зуд турхан болж байсан түүх ховор. Тиймээс дэлгэр сайхан жил болно гэж бэлгэшээж байна. Бурханы шашинд хүний амьдрал үйлийн үрд багтдаг гэж үздэг. Шинэ жил гарна гэдэг нь хүний цаг хугацааны үргэлжлэл байгаа юм. Ийм учраас өнгөрсөн амьдралдаа сайн сайхныг бүтээж чадсан бол цаашаа тэр хэмдээ үргэлжилдэг амьдралын хуультай. “Үзэсгэлэн болгогч” хэмээн ёгтлон нэрлэсэн нь учиртай. Энэ нэрийн утгыг Цагаан лянхуа сударт "Энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж тайлбарласан байдаг юм. Цаг агаар сайхан, бороо хуртай байна гэж зурхайд тэмдэглэсэн байна. Дээдэст сайн, дунд улсад дунд зэрэг, нялхаст тиймдүү, харин залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаан байна гэж энэ жилийн зурхайд дурдсан байна. Ерөнхийдөө засал номын хувьд жил орсон, харш жилтэй хүн ном уншуулж, засал хийлгэхэд анхаарах хэрэгтэй" хэмээн онцоллоо.


Энэ жил Монголын Цагаан сар Азийн бусад орны Цагаан сараас нэг сарын зөрүүтэй болж байгаа. Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц энэ талаар "Орон болгонд нар, сар ондоо байршиж байгаа. Заавал нэг өдөр сар шинэ болно гэж үзэж болохгүйМонгол орны хувьд 20 дугаар зууны эхэн үед Их хүрээнд савласан зураг хийдэг байсан. Монгол орны нөхцөл байдал, одон гаргийн явдалд тааруулсан зурхай зурагдсан. Хятадынх бол нэлээд ондоо. Манжийн үед Хятад улс хааны үйл ажиллагаанд тохируулж өдрөө шахаад хийдэг байсан. Тийм учраас хятад зурхайд илүү сар, илүү өдөр, тасарсан өдөр, нэмсэн өдөр байхгүй шахам гэж болно. Монгол орны хувьд нүүдэлчин ахуйтай учраас иргэд сарны явдлаа хараад өнөөдөр шинийн долоон, шинийн найман байна гэж тодорхойлж ирсэн. Битүүнд сар битүүрдэг, шинийн 1, 2-нд сар харагдах төдий байдаг. Шинийн 8-нд сар тал дугуй болж, шинийн 15-нд тэргэл сар болно. Мөн шинийн 22 болоход эргээд хомсдон тал дугуй болж, 28, 29-нд үзэгдэх төдий болсоор битүүнд битүүрнэ. Дэлхийг сар зуувандуу эргэдэг. Нүүдэлчин амьдралд тохирсон сар, нарны зурхайгаар явж ирсэн учраас орчин үед ойлгохгүй явдал гарч байна. Монголчууд жилийн хамгийн сүүлчийн өдөр буюу битүүнийг маш сайхан тэмдэглэх учиртай. Энэ нь хуучин жилдээ муу муухай болгоноо үлдээж байгаа хэрэг. Харин шинийн 1-нд тахин шүтдэг уул усандаа гарч, дээжээ өргөдөг" хэмээн тайлбар хийлээ.

Холбоотой мэдээ