ДУНДГОВЬ: Улсын аварга саальчин Ё.Хонгорзул: Айргаа хоёр хөхүүр сэлгэн исгэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-17 11:21:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Гурвансайхан сумын Чулуут багийн малчин Ёндонжамцын Хонгорзул 2022 оны ажил үйлсээрээ манлайлж, “Улсын аварга саальчин” эрхэм хүндтэй цолын эзэн боллоо. Тэрээр тус аймгаас төрөн гарсан дөрөв дэх аварга саальчин болжээ.   

Ё.Хонгорзул 1992 онд малчин болж, 1993 онд Дашжигмэд овогтой Мөнхтүмэнтэй гэр бүл болон уламжлалт мал аж ахуй эрхлэн, сүү саалиа боловсруулж, идээ, цагаагаа бэлтгэн малчин ардынхаа өв соёлыг тээж яваа жирийн нэгэн малчин.

Сүү, цагаан идээгээ уламжлалт арга, технологиор боловсруулдаг түүний хийсэн ааруул, айраг сумандаа төдийгүй, аймагтаа алдартай брэнд болж байна.

2022 оны 9 дүгээр сард Мандалговь хотноо зохион байгуулсан “Дундговь-Түншлэл 2022” зах зээлийн өдөрлөгийн үеэр түүнтэй ярилцах үеэр айргаа “Монголын хэрэглэгчдийн таашаалд нийцсэн биет болон оюуны өв сангийн бүртгэл”-д бүртгүүлж байгаагаа танилцуулж байсан нь биелж, Д.Мөнхтүмэнгийн “айраг” бүтээгдэхүүнд Үндэсний брэнд бүтээгдэхүүн ажил үйлчилгээний гэрчилгээ олгожээ.

Айргаа хоёр хөхүүрт сэлгэж исгэдэг туршлагатай. Хөхүүрээ өөрсдөө хийсэн бөгөөд айл болсон цагаас л уламжлалт аргаар айргаа хөхүүрт исгэдэг нь түүний айргийн амт, чанарыг тодорхойлдог аж.

Ё.Хонгорзул нь 1983-1991 онд Гурвансайхан сумын 8 жилийн дунд сургууль төгссөн, бүрэн бус дунд боловсролтой эмэгтэй. Жилд 100 кг ааруул, бяслаг болон 1,5 тн айраг боловсруулж, зах зээлд тогтмол борлуулдаг. Тэднийх 7 дугаар сард гүүгээ барьж, 10 дугаар сар хүртэл айргаа исгэдэг ба өдөрт 100-200 литр айраг боловсруулдаг ажээ.

Тэдний амжилт нэгээр тогтохгүй. 2002 онд сумын “Мянгат малчин”, 2004, 2005 онд “Сумын аварга малчин”, 2021 оны “Алтан унаганы эзэн” болж, сүүлийн 4 жил дараалан Гурвансайхан сумын “Хамгийн олон адуутай өрх”-өөр шалгарчээ.

Түүнчлэн “Дундговь-Түншлэл” үзэсгэлэн худалдаанд өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр жил бүр оролцон, 2013 онд аймгийн “Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн”, 2016 онд “Аймгийн брэнд бүтээгдэхүүн”, 2018 онд аймгийн “Шилдгийн шилдэг айрагтай өрх”-өөр шалгарсан.  

2022 онд Монголын эмэгтэчүүдийн холбооны Дундговь аймгийн салбараас зохион байгуулсан “Саальчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга”-ны үеэр “Шилдэг саальчин” шагналын эзэн болжээ.

Гурвансайхан сум сүүн амттай, зөөлөн дугуй цагаан ааруул үйлдвэрлэдэг нь бусад сумын идээнээс онцлог. Энэ нутгийн ахмад буурлуудын ааруулаа боловсруулдаг энэ технологийг залуу хойч үе нь өвлөн, амттай ааруулаа хийсээр байгаагийн нэг баталгаа нь тус сумаас “Улсын аварга саальчин” гурав төрөн гарсан.

Өөрөөр хэлбэл Дундговь аймгаас дөрвөн малчин эмэгтэй “Улсын аварга саальчин” гэсэн эрхэм хүндтэй шагналын эзэн болсны гурав нь Гурвансайхан сумынх.

Тэрээр уламжлалт өв соёлоо тээж, мал аж ахуйгаа эрхлэн, идээ цагаагаа боловсруулж, үйлдвэрлэлээ эрхлэхийн зэрэгцээ сум орон нутгийнхаа хөгжилд идэвхийлэн оролцож, хандив өргөн манлайлж явдаг, ажилсаг, малч, сайхан идээ хийдэг гэдгээрээ хүндлэгдсэн эмэгтэй юм.  

Холбоотой мэдээ