Улаанбаатарт болох Дэлхийн экспортыг дэмжих форумыг зарлаж, бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-18 09:37:47
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2023 оны 6 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвээр Олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумыг олон улсад зарлах арга хэмжээ Швейцарын Холбооны Улсын Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төвд 2 дугаар сарын 15-ны өдөр болж өнгөрлөө.


Олон улсад зарлах арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Б.Түвдэндорж, Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нар мэндчилгээ дэвшүүлж, НҮБ-ын талаас Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок Хамилтон, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Винод Ахужа нар мэндчилгээ дэвшүүлж оролцов.


Мөн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан цахимаар мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээгээр ахлуулсан үндэсний урлагийн уран бүтээлчид “Mongolian Step” уран бүтээлийн тоглолтоо толилуулав.


Арга хэмжээнд БНХАУ-аас Дэлхийн худалдааны байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ли Ченгганг, Эл Салвадор Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Патришиа Бенедэтти, Гамбиа Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд М.О Ка, Пакистан Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Халил Хашми, Сьерра-Леон Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Лансана Гберие, Уганда Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Марсел Тибелека, Замбиа Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Тембо Луамбиа нар оролцож, Ботсван, Бутан, Бүрүнди, Доминикан, Этиоп, Унгар, Энэтхэг, Ирак, Киргизстан, Лаос, Балба, Сейшелийн Арлууд, Вьетнам зэрэг улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын албаны төлөөлөл ирж оролцов.


Түүнчлэн Нидерланд Улсын “Straight Circles”, Арабын Нэгдсэн Эмират Улсын “Simply Fit”, Индонези Улсын “PT. Adhikara Bhumi Sedaya”, Египет Улсын “Harvest”, Тунис Улсын “Insight”, Испани Улсын “Autonama”,  Ливан Улсын “Salma Maternity Wear”, Ботсван Улсын  “Pennyrock Investments”, Танзан Улсын “GICC and FINBIZ” зэрэг компанийн гүйцэтгэх захирал нар арга хэмжээнд оролцлоо.


Ташрамд дурдахад, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудлыг дагнан хариуцдаг НҮБ-ын цор ганц байгууллага болох Олон улсын худалдааны төвийн жилийн үндсэн арга хэмжээ болох Дэлхийн экспортыг дэмжих форумд дунджаар жил бүр 600-1000 орчим  үндэсний болон олон улсын бодлого боловсруулагчид, худалдааг дэмжих байгууллагууд, олон улсын байгууллагын тэргүүн нар, бизнесийн төлөөлөгчид хуран цугладаг ба форумын хүрээнд зохион байгуулах дээд хэмжээний хэлэлцүүлэг, бизнесүүдийн уулзалт, семинарын үеэр оролцогчид сүүлийн үеийн худалдаа, экспортын инновац, үйл яц, бодлогын талаарх шинэ тутам мэдээлэл авч, өөр хоорондоо харилцаа холбоо, түншлэл тогтоох боломжийг бүрдүүлдэг ба хамгийн сүүлд 2019 онд 19 дэх удаагийн форум Этиоп Улс, Олон улсын худалдааны төв, Африкийн холбоотой хамтран зохион байгуулж байв.


Монгол Улсад ирэх 6 дугаар сарын 27-28-нд “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвээр зохион байгуулагдах  20 дахь удаагийн Дэлхийн экспортыг дэмжих форумд дараах https://indico.un.org/event/1004191/ холбоосоор нэвтэрч, бүртгүүлэх боломжтой юм.


Холбоотой мэдээ