ЗАВХАН:Малчин эмэгтэйчүүд байгаль орчинд ээлтэй өрхийн үйлдвэрлэлд суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-02-27 14:09:48

Улиастай /МОНЦАМЭ/. "Хомын талын тахь" төрийн бус байгууллагаас нутгийн уугуул малчин иргэдийг чадавхжуулах ээлжит сургалтуудыг хийж 50 гаруй иргэн хамрагджээ.

Энэ удаагийн сургалтад, Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц, Тавантолгой баг болон Говь-Алтай аймгийн Хөх морьт сумын Завхан гол багаас нийт 20 хүн оролцсон. Сургалтын онцлог нь, оролцогчдын тал хувь нь анх удаа энэ төрлийн сургалтад хамрагдаж байна. Малчин иргэдийн хувьд уламжлалт мал аж ахуй эрхлэхээс гадна өрхийн амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд эсгий бүтээгдэхүүний өрхийн үйлдвэрлэл эрхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэдний сургалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан уламжлалт аргаараа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийг Франц улс руу экспортлох ажилд дэмжлэг үзүүлэн ажилладаг.






Оролцогчид тэмээний болон хонины ноосыг орчин үеийн болон уламжлалт технологитой хослуулан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хийж сурдаг. Улмаар ноосоор хийсэн эсгий шаахай, малгай, гоёл чимэглэлийн зүйлс болон бусад ахуйн хэрэглээний зүйлсийг урлаж, Франц улс руу экспортолдог. Энэ удаагийн сургалтын онцлог нь өрхийн санхүү, өрхийн соёл ба эрүүл ахуй, бүтээгдэхүүний борлуулалтын суваг, сав баглаа боодол, жендэрийн тухай ойлголт гэх зэрэг сэдвээр танхимын сургалтуудыг хослуулан явуулсан нь оролцогчдын сэтгэлд их нийцэж байв.



Тухайлбал, анхан шатны сургалтад оролцогч Завхан гол багийн иргэн С.Мөнхцэцэг: -Анх удаа сургалтад хамрагдаж байна. Зохион байгуулж байгаа хүмүүс нь их найрсаг, нэгдмэл санагдлаа. Хөдөө орон нутгийн хүмүүсийн хувьд маш том оюуны хөрөнгө оруулалт боллоо, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхахад нэг алхам дөхсөн байх” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Сургалтын үеэр бид Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс хандивласан ноос сэмлэгч машиныг дөрвөн нөхөрлөлийн гишүүдэд хүлээлгэн өгсөн бөгөөд цаашид эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах өрхүүд хамтдаа хуваалцан ашиглах юм. Дөрвөлжин сумын Онц багийн хувьд дөрвөн нөхөрлөл байгуулж, эсгий урлалын сургалтыг явуулахаас гадна, эсгий бүтээгдэхүүнийг урлаж, экспортолдог.


 Нөхөрлөлүүд байгаль орчиндоо ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлнэ

"Хомын талын тахь" ТББ-ын бас нэг чухал ажил нь нутгийн уугуул иргэдийн нөхөрлөлүүдийг чадавхжуулах ажил юм.

Тухайлбал, нэгдүгээр сарын сүүлээр "Хүн төвтэй байгаль хамгаалал" ТББ-тай хамтран Завхан аймгийн Дөрвөлжин сумын хоёр багийн нөхөрлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулсан.



Онц багийн гурван нөхөрлөл, Тавантолгой багийн нэг нөхөрлөлийн нийт 27 гишүүнд гурван өдрийн уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь 2019 оноос хойш цувралаар зохион байгуулж байгаа гурав дахь удаагийн сургалт юм. Энэ удаад нөхөрлөлүүдийн менежментийн төлөвлөгөөг хамтран үнэлж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын тухай ярилцан, цаашид хийх нэн тэргүүний ажлуудаа хамтран төлөвлөлөө.

Уулзалтын үеэр "Хомын талын элч" явуулын номын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан шинэчлэн баяжуулсан нийт 10 багц номыг малчин өрхүүдээр аялуулж эхэлсэн. 


Хомын талын Байгалийн цогцолборт газарт нутгийн иргэдэд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлэх ажил нь маш чухал юм. Учир нь байгалийн цогцолборт газарт амьдарч байгаа нутгийн уугуул иргэд байгалийн олон янз байдлыг хамгаалах, тэднийг судлах, өсгөх ажилд хамтран оролцох.

Амьтдыг хамгаалахын тулд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран үйл ажиллагаа явуулж, өөрсдийн амьжиргааг дээшлүүлэх ажлыг айл хотлоороо багаараа хамтран хийж эхлэх суурийг тавьж өгч байна. Үе шаттай сургалт, уулзалтын үр дүнд нутгийн нөхөрлөлүүд байгалийн зэрлэг жимсийг байгаагаар нь хамгаалж, зөв зохистой ашиглахыг сурталчилж байна. Түүнчлэн ховор болон нэн ховор амьтдын тухай өөрсдийн мэдлэгийг тэлж, тэднийг хамгаалахын ач тусыг жуулчдад таниулж, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд малчид өөрсдөө оролцож байгаа нь сургалтын үр дүн юм гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв.

 

Алслагдсан нутгийн малчид явуулын номын сангаас мэдээлэл авдаг

"Хомын талын тахь" ТББ-аас “Хомын талын элч” явуулын номын сан хөтөлбөрийн хүрээнд төв суурин газраас алслагдсан нутагт оршин суугаа малчдад олон талын мэдлэгийг өртөөчлөн хүргэж байна.

Хомын талын тахийн уугуул нутагт суугаа 40 гаруй малчин өрх, ажил мэргэжилгүй, сургууль завсардсан хүүхэд залуус, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амьдралд нь хэрэгцээтэй мэдлэг олгох зорилготой явуулын номын сангийн үйл ажиллагааг анх 2017 онд эхлүүлжээ.


Явуулын номын сан хөтөлбөрөөр дамжуулан орон нутгийн алслагдсан хүн амд боловсролын үйлчилгээг тэгш түгээх, нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, тахь сэргээн нутагшуулах талаар ойлголт мэдлэг өгөх. Байгальд ээлтэй байдлаар аж амьдралаа өрнүүлэх мэдлэг, дадлага олгох. Байгаль орчинд халгүй аргаар аж ахуй эрхлэхэд зориулсан мэдээлэл хүргэх. Энэ үйл ажиллагаагаар тахь сэргээн нутагшуулах үйл ажиллагааны үр ашгийг ойлгуулах, үйл ажиллагааг дэмждэг болгохыг зорьжээ.


Завхан аймгийн Дөрвөлжин сум нь дөрвөн аймгийн голд байрлалтай. Хамгийн ойр аймгийн төвөөс 300 км зайтай. Иймд нутгийн иргэдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох, байгаль орчны мэдлэг олгох, тахь сэргээн нутагшуулах ажлын онцлогийг харуулах зорилготой номын аян олон үр дүнг үзүүлжээ.

Явуулын номын сан нь 10 хайрцагтай ном аялуулдаг.

Нэг хайрцагтаа дунджаар 20-24 номтой. Хайрцаг бүрд 10 гаруй төрлийн ном байдаг. Тухайлбал, Амьтны чиглэл, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль хамгааллын чиглэл болон Монгол Улсын хөгжил, бодлого зэргийг тусгасан ном, нөхөрлөл, хоршоо, ТББ-уудын мэдээлэл. Түүнчлэн тахийн тухай болон уран зохиолын, баримт судалгааны номууд, хувь хүний хөгжил, хүүхдэд зохиулсан гэх мэт үндсэн 15 төрлийн номуудыг хольж хийсэн хайрцаг хот айлуудаар аялдаг байна.

Ингэхдээ суурин суурьшдаг 40 айлдаа нэг жилийн турш 10 хайрцаг ном аялуулж, уншуулдаг. Нэг хайрцаг ном нэг айлд сар болдог. Нэг айлд дунджаар хоёр хүн хүүхдүүд орвол таван хүн гэхчлэн тооцоолж дамжуулдаг аж.

Ингээд нэг айлд сар болсны дараа тус бүсэд ажилладаг ТББ-ын ажилчид очиж бүртгэж аваад дараагийн айлд дамжуулдаг. Ингэхдээ зүгээр нэг аваад өгөөд байхгүй.

Номын бүртгэлийн хуудас, хайрцагтай номын санг ашиглах дүрэм, журам гэж байдаг. Мөн уншигчид маань санал сэтгэгдлээ хэлж болдог. Жишээ нь би ийм ном уншмаар байна гэхчлэн. Иймд бид номын хайрцагт нийт аялж буй 300 номын нэрсийн бүртгэлийг оруулсан. Улмаар малчид энэ хайрцагт ийм ном байгаа гэдгээ мэдсэн байдаг.

Манай байгууллагын онцлог нь өөрөө байгаль орчны сэдэвтэй номуудыг явуулын хайрцагтаа түлхүү хийж өгдөг  учир, хүүхдийн ном гэхэд Цэлмэг, Цэнгэг хоёр мод тарьсан нь, Цоохор ирвэс цуврал, танин мэдэхүйн буюу ном яаж ургадаг вэ зэрэг байгаль суурьтай номууд байдаг. Харин насанд хүрсэн малчид уран зохиолын ном унших түлхүү сонирхолтой байдаг гэж "Хомын талын тахь" ТББ-ын орон нутгийн багаас мэдээлэв.

 

Явуулын номын сан олон талын үр дүнг үзүүлсэн  

Учир нь интернэт болон гар утас зэрэг сатаарах юм байдаггүй учир малчид номоо их төвлөрч уншиж, илүү их өөртөө шингээж ойлгосон байдаг. "Бидэнд юу л байна зав байна, хонинд явахдаа өвөртөлж яваад уншиж байхад амар байдаг" гэж малчид хэлдэг.

Насанд хүрсэн малчид уран зохиолын ном унших илүү сонирхолтой байдаг. Мөн монгол бичиг сурмаар байна гээд монгол бичгийн номууд авч байсан. Хөтөлбөр эхэлснээс хойш аялуулсан номуудын 70 хувь нь бүрэн уншигдаж, шинэчлэгдсэн.

Цаашид явуулын номын сангийн фондоо баяжуулж, малчдадаа сонирхолтой номууд уншуулах. Хамгийн олон ном уншсан өрхийг шалгаруулах зэрэг тэмцээн зохиож, уншигч малчдадаа урам өгөх ажлыг хэрэгжүүлнэ.

Манай байгууллагын байгаль хамгаалах зорилгын нэг нь энэ чиглэлийн арга зүйн мэдлэг өгөх номын аялал юм. Номын аялал маш үр дүнтэй байгаа. Нутгийн уугуул, малчдыг цаг үеэс хоцроолгүй хүртээмжтэй мэдлэг олгож буй үр дүнтэй ажлуудын маань нэг нь энэ хөтөлбөр юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаанд малчид номд дуртай болж захиалдаг болсон. Номоос сурсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлээд явж байгаа нь ихэнх өрхүүдээс харагдаж байгаа нь л эерэг үр дүн юм. Тиймээс энэ жишиг алслагдмал бүх малчин өрхөд хүрээсэй гэж хүсэж байгаа гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ