Нэг сая ам.доллароос доошгүй хөрөнгө оруулах боломжтой компанийн төлөөллүүд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-06 14:21:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийн форум”-ыг энэ сарын 16-18-нд Улаанбаатарт зохион байгуулна.


Форумд БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, банк санхүү, барилга, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах тухай ярилцах юм. Эдгээр салбарт БНХАУ-ын хөрөнгө оруулалт авах сонирхолтой Монголын аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэж байна. 


МЗХ-ны Ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатар ярихдаа, “Форумын үеэр 300-гаад хүнд зориулсан аялал жуулчлалын хөтөлбөр гаргасан. Монголын талаас 400 компани бүртгэхээс 200 гаруй нь бүртгүүлээд байна. Хятадын 200 гаруй компанийн талаар мэдээлэл өгөх боломжтой. Хятадын талаас өр зээлгүй, ямар нэг асуудалгүй, Монголд 1 сая ам.доллароос доошгүй хөрөнгө оруулах чадамжтай компанийн төлөөлөл ирнэ. Хэдийд хөрөнгө оруулж, хэзээ нөхөж олох тооцоо судалгаатай компани сонирхож байна. Мөн хөрөнгө оруулагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай асууж байна. Иймд форумын үеэр ХЗДХЯ оролцож мэдээлэл өгөх боломжтой. Ямар нэг байдлаар асуудал үүсвэл хуулийн хүрээнд хэрхэн хамтрах тухай ярилцана” гэлээ.


Монгол Улс БНХАУ-тай 2023 оны нэгдүгээр сард 1.2 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлжээ. Мөн 2011-2021 онд манай улсад 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна.


Гадаад худалдааны хамгийн том түнш улстэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг цаашид тогтвортой байлгах үүднээс тус чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулна. Энэ үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, анхаарах асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ боломж нээхийг зорьж байгаа аж. 

Холбоотой мэдээ