БНСУ албадан хөдөлмөртэй холбоотой маргааныг шийдвэрлэх саналаа танилцуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-06 16:18:49

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Засгийн газар дайны үед албадан хөдөлмөрт өртөж байсан 10 гаруй хүний нөхөн төлбөрийг Японы компаниудаар шууд төлүүлэхийн оронд Сөүлийн дэмжлэгтэй олон нийтийн сангаар дамжуулан олгох саналыг даваа гарагт буюу өнөөдөр албан ёсоор тавилаа.


Гадаад хэргийн сайд Пак Жины танилцуулсан энэхүү санал нь Дэлхийн II дайны үеэр хүнд хөдөлмөр эрхлүүлсэн гэж буруутгагдсан Японы хоёр фирмийн эсрэг шүүхийн маргаанд ялсан 15 солонгос иргэнд нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэх зорилготой юм. 2018 онд БНСУ-ын Дээд шүүх “Mitsubishi Heavy Industries”, “Nippon Steel” компаниудад тэдгээр иргэдэд нөхөн төлбөр олгохыг үүрэг болгосон билээ.


Юн Сог Ёлийн засаг захиргааны төлөвлөгөөний дагуу Дотоод хэргийн яамны харьяа "Албадан хөдөлмөрийн хохирогчдын сан" хувийн хэвшлийн салбарынхнаас “сайн дурын” хандив цуглуулна. Түүнчлэн хараахан шийдэгдэгдээгүй байгаа хэргүүдийн бусад нэхэмжлэгч нарт нөхөн олговор олгоход 2014 онд байгуулагдсан уг санг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.


Ингэхдээ Засгийн газар 1965 онд байгуулсан хоёр талын гэрээний үр өгөөжийг хүртсэн ган үйлдвэрлэгч POSCO гэх зэрэг БНСУ-ын компаниудаас хандив хүсэх төлөвтэй байна. Уг гэрээний хүрээнд Токиогоос Сөүлд 300 сая ам.долларын буцалтгүй тусламж санал болгож байв.


Гэсэн хэдий ч хохирогчид болон холбогдох иргэний бүлгүүд өмнө нь нээлттэй сонсголын үеэр дэвшүүлсэн Засгийн газрын энэхүү төлөвлөгөөг эрс эсэргүүцжээ.


1910-1945 оны колоничлолтой холбоотой нөхөн төлбөрийн бүх асуудлыг 1965 онд хоёр талын дипломат харилцааг хэвийн болгох тухай хэлэлцээрээр шийдсэн гэж Токиогийн засаг захиргаа мэдэгдсээр ирсэн юм.


Юн Сог Ёлийн засаг захиргаа БНАСАУ-ын цэргийн аюул заналыг сөрөн зогсохын тулд АНУ, Японтой гурван талын аюулгүй байдлын түншлэлийн харилцааг бэхжүүлэхийг зорьж байгаатай холбоотойгоор энэхүү төвөгтэй асуудлын талаар хөрш орнууд сүүлийн хэдэн сар хэд хэдэн удаа албан ёсны хэлэлцээ хийсэн юм.


Хоёр тал оюутнуудын тэтгэлгийг санхүүжүүлэх зорилгоор “ирээдүй хойч үеийн сан байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцсон гэж энэ талаарх мэдээлэл бүхий эх сурвалж мөн мэдээлжээ.


Үүний зэрэгцээ БНСУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ, 1998 онд тухайн үеийн БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн, Японы Ерөнхий сайд Кэйзо Обүчи нарын баталсан хамтарсан тунхаглалыг хоёр улс дагаж мөрдөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Уг тунхаг бичигт хоёр удирдагч өнгөрсөн үеийг ардаа орхиж, шинэ харилцаа тогтоохыг уриалсан бөгөөд К.Обүчи Солонгосын ард түмэнд Японы колоничлол “ихээхэн хохирол, зовлон зүдгүүр” учруулсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Холбоотой мэдээ