БНХАУ-ын гадаад бодлого, дипломат харилцаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-03-09 14:44:23

БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр улс орныхоо гадаад бодлого, дипломат харилцаатай холбоотой асуултуудад хариуллаа.


Хятад улс дангаар ноёрхох, хүч хэрэглэх аливаа бодлогыг эрс эсэргүүцнэ

Хятад улс дангаар ноёрхох, хүч хэрэглэх аливаа бодлого, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, бүлэг эвслүүдийн сөргөлдөөн, дарангуйллыг эрс эсэргүүцнэ.


Хятад улс гадаадын улс орнуудтай харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж байгаа бөгөөд Хятадын дипломат ажиллагаа цаашид улам идэвхжинэ.  


Тус улс энэ онд Хятад-Төв Азийн анхдугаар дээд хэмжээний уулзалт, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны гуравдугаар чуулга уулзалт гэсэн хоёр томоохон дипломат арга хэмжээг зохион байгуулна.


Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь дэлхийн энх тайван, шударга ёс, хөгжил дэвшилд түлхэц болж байна

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь бусад улс орнуудад ард түмнээ эн тэргүүнд тавих, бүх нийтийн хамтын хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг болж байна.


Хятад-Оросын харилцаа

Хятад, Орос хоёр улс нь том гүрнүүдийн харилцааны хөгжлийн замыг олсон. 


Хоёр талын харилцаа нь эвсэл бүлэг байгуулахаас татгалзах, сөргөлдөөнөөс зайлсхийх зарчим дээр тулгуурладаг бөгөөд аливаа гуравдагч талыг чиглээгүй.


Дэлхий тогтворгүй болохын хэрээр Хятад, Орос улсууд харилцаагаа тасралтгүй хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай болж байна.


Дэлхийн засаглал

Хятад улс дэлхийн засаглалд үргэлж алсын хараатай байж, идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ.


Дэлхийн засаглал нь НҮБ-ын Дүрэмд тусгагдсан олон улсын эрх зүйн зарчмуудыг дагаж мөрдөж, шударга ёсыг сахиж, их гүрний дээрэнгүй үзэл ба ашиг хонжоо хайсан хандлагыг сөрөн зогсох ёстой.


Хятад-АНУ-ын харилцаа

АНУ агаарын бөмбөлөгтэй холбоотой асуудалд олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, хэтийдсэн хариу үйлдэл үзүүлж, хүч хэрэглэсэн.


Хятадын талаарх АНУ-ын ойлголт, хандлага ноцтой гажуудсан байна.


АНУ-ын өрсөлдөөн гэж нэрлэж буй зүйлийн зорилго бол Хятадыг тогтоон барих, дарамт шахалт үзүүлэх бөгөөд хоёр улсыг харилцан ашиггүй нөхцөл рүү түлхэнэ.


Хятад улсыг тогтоон барьж, дарамт шахалт үзүүлэх нь АНУ-ыг агуу орон болгохгүй бөгөөд энэ нь Хятадын хөгжил цэцэглэлтийг зогсоож чадахгүй.


Тайванийн асуудлаар

Тайваньтай холбоотой асуудлыг зохицуулах нь Хятадын ард түмний дотоод асуудал бөгөөд үүнд аливаа улс орон хөндлөнгөөс оролцох ёсгүй.


Тайванийн асуудал бол Хятад-АНУ-ын харилцааны хэзээ ч давж болохгүй эхний улаан шугам юм. АНУ Тайванийн асуудлаар далимдуулан Хятадыг хазаарлахаа болих хэрэгтэй.


Хятад улс энэ асуудалд чин сэтгэлээсээ хандсаар байх бөгөөд тайван замаар дахин нэгдэхийн төлөө хүчин чармайлт гаргах болно, гэхдээ шаардлага гарсан тохиолдолд бүх арга хэмжээг авах боломжийг хэвээр үлдээнэ.


Украины хямрал

Украины хямрал бол зайлсхийж болох байсан харамсмаар явдал юм.


Хятад улс дайн, хориг арга хэмжээнээс илүүтэй энх тайван, яриа хэлэлцээг эрхэмлэдэг.


Хятад улс Украины хямралыг зохицуулах 12 санал дэвшүүлсэн.


Бид Украины мөргөлдөөнд оролцогч талуудын алинд нь ч ямар ч зэвсэг нийлүүлээгүй.


Талуудын хооронд энхийн хэлэлцээг аль болох хурдан эхлүүлэх хэрэгтэй.


“Бүс ба Зам” санаачилга

“Бүс ба Зам” санаачилга бол Хятадын талын санаачилж, дэлхийн улс орнуудтай хуваалцаж буй нийтийн сайн сайхны төлөөх санаачилга юм.


Энэхүү санаачилгын хүрээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 3000 гаруй хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлээд байна.


Ямар ч тохиолдолд Хятад улсыг өрийн занга гэгч зүйлийг бий болгосон гэж буруутгах ёсгүй.


Хятад-Японы харилцаа

Хятад, Япон улсууд шинэ эринд харилцаагаа сайжруулахын тулд өнгөрсөн түүхээсээ сургамж авах хэрэгтэй.


Япон улс “хөрш орнуудынхаа эдийн засагт хортой хандлага”-ыг сонгохгүй байх хэрэгтэй.


Хятадын ард түмэн ревизионизмийн аливаа хэлбэрийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй.


Хятад, Япон харилцан ашигтай хамтын ажилллагааг хөхиүлэн дэмжиж, аж үйлдвэр, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой, тасралтгүй байдлыг хамтран хангах ёстой.


Фүкүшимагийн атомын цахилгаан станцын усыг асгах асуудалд зохих хариуцлагатай арга хэмжээ авахыг Японд уриалж байна.


Энэтхэг-Номхон далайн талаар баримталж буй АНУ-ын стратеги

Энэтхэг-Номхон далайн талаар баримталж буй АНУ-ын стратеги бол явцуу эвсэл байгуулах, сөргөлдөөн өдөөх гэсэн оролдлого юм.


АНУ-ын энэ стратеги нь Ази-Номхон далайн бүс нутагт НАТО-гийн хувилбарыг бий болгоход чиглэгдэж байна.


Ази болон Ази-Номхон далайн бүс нутаг нь харилцан ашигтай хамтын ажиллагааны индэр байх ёстой.


Хятад-ЕХ-ны харилцаа

Хятад-Европын харилцаа нь аливаа гуравдагч талыг чиглээгүй, мөн аливаа гуравдагч талын хяналтад байдаггүй.


Хятад улс Европыг үргэлж иж бүрэн стратегийн түншээ гэж үздэг.


Хятад улс Европыг стратегийн хувьд бие даасан, тогтвортой, аюулгүй байдалд хүрч чадна гэж найдаж байна.


Хятад улс олон талт үзлийг дэмжихэд Европтой хамтран ажиллахад бэлэн байна.


БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Хятадын залуучуудад хандаж хэлэхдээ,

Залуучууд бол бидний итгэл найдвар, ирээдүйг тэд тодорхойлно. Хятадын дуу хоолойг дэлхий дахинд чанга, тод сонсгоход чухал үүрэг гүйцэтгэхийг Хятадын залуу иргэдэд уриалж байна гэлээ. 

Холбоотой мэдээ