ОРХОН: Энэ сарын 18-нд Бүргэдийн баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-10 14:46:04
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймагт тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх болон казах түмний Наурызын баярыг тохиолдуулан  “Бүргэдийн  баяр 2023” өдөрлөгийг аймгийн ЗДТГ, Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл хамтран энэ сарын 18-нд зохион байгуулна.

Тус аймагт 800 орчим казах үндэстэн ажиллаж, амьдарч байна.

Бүргэдийн баяраар бүргэдчин үндэсний хувцсаараа гоёж гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийлгэх буюу ангийн чихмэл бариулах, морьтой эрчүүд тулам булаалдах тэмцээн болно. Улмаар шилдэг бүргэдчнийг шалгаруулна.

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Бүргэдээр ан хийх уг уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өнөөг хүртэл хадгалагдан иржээ. 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад уг уламжлалыг албан ёсоор бүртгэжээ. 

Холбоотой мэдээ