ОРХОН: “Бүргэдийн баяр”-аар 17 бүргэдчин ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-14 10:45:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Энэ сарын 18-нд Орхон аймагт “Бүргэдийн баяр” болно. Казах түмний Наурызын баярыг тохиолдуулан Орхон аймагт ажиллаж, амьдарч байгаа казах иргэдийн санаачилгаар хөдөө орон нутагт анх удаа “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулж байгаа юм.

Уг баярт Баян-Өлгий аймгаас 17 бүргэдчин, бүргэдийн хамт оролцоно. Эдгээр бүргэдчдийн дунд Дундад Азид болдог “Нүүдэлчдийн баяр”, Арабын Нэгдсэн Эмират Улсад болдог  “Бүргэдийн баяр”-т оролцож байсан туршлагатай хүмүүс байгаа юм. Тэдний үзүүлэн тоглолт, бүргэдийн ан хийх уран чадварын талаар Эрдэнэт хотын иргэд үзэж, сонирхох боломж гарч байна.

“Бүргэдийн баяр”-ын үеэр “Шахыру” бүргэдээ ойрхноос өөртөө дуудах, “Тенге илу” морин дээрээс мөнгө шүүрэх, “Шырга” бүргэдээс холоос ангийн чихмэл бариулах, “Көкпар” морьтон эрчүүдийн тулам булаалдах зэрэг тэмцээн болно.

Орхон аймагт урианхай, казах, тува, дөрвөд ястны 2500 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс казах 800 иргэн байдаг юм. 

Холбоотой мэдээ