ХОВД: Далан давхар гамбирыг өдөрт 500-700 ширхэг үйлдвэрлэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-15 13:20:22

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховдын брэнд бүтээгдэхүүний нэг бол далан давхар гамбир (бин) юм.

Тус аймагт 19 жил үйл ажиллагаа явуулж буй  "Баясгалант өндөр хөхий" ХХК нь далан давхар гэх гурилан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд таниулж,  2019 онд аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байжээ. Улмаар 2023 оны 3 дугаар сард улсын брэнд бүтээгдэхүүний санд бүртгэгдсэн тул өнөөдөр гэрчилгээ авлаа.

"Баясгалант өндөр хөхий" ХХК-ийн гурилан бүтээгдэхүүн, бялууны үйлдвэр одоогийн байдлаар 30 гаруй ажилтантай.

20-иод нэр төрлийн бүтээгдэхүүн хийж, зах зээлд нийлүүлж байгаагаас далан давхар хэмээх бүтээгдэхүүн нь хамгийн их эрэлттэй, борлуулалт сайн, өдөр бүр шинээр хийдэг байна.

Тус бүтээгдэхүүнийг өдөрт 500-700 ширхэг хийх ба Ховд аймаг төдийгүй Улаанбаатар хот, зэргэлдээ аймаг, сумын иргэд худалдан авч хэвшжээ.


"Шар тос болон экологийн бусад цэвэр бүтээгдэхүүн ашиглан уламжлалт аргаар хийдэг далан давхрыг долоон жилийн өмнө анх удаа гаргаж байсан. Бидний хийсэн далан давхрыг амттай хэмээн нутгийн иргэд, хэрэглэгчид магтан сайшааж байгаад талархалтай байна. Манай компанийн харилцагч байгууллага болон  хамтран ажилладаг хүмүүстээ баярлалаа. Энэ үйлдвэрлэлийг явуулахад сэтгэлээрээ ажилладаг  бүх ажилтнуудад баярлалаа" хэмээн "Баясглант өндөр хөхий" ХХК-ийн захирал Д.Өлзийхишиг хэллээ.  

Холбоотой мэдээ