ХӨВСГӨЛ: Б.Анхбаяр: Монгол бичиг хүүхдэд эх оронч сэтгэлгээг суулгаж төлөвшүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-03-15 16:45:32

Мөрөн  /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2022“ улсын уралдааны “Сайхан бичигтэн анги” ангилалд тэргүүн байрт шалгарсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11д ангийн багш, монгол хэл, бичгийн багш Батбаатарын Анхбаяртай  ярилцлаа.


-   -“Монголын сайхан бичигтэн“ улсын уралдаанд анги хамт олноороо тэргүүлсэн танд болон танай ангийн сурагчдад баяр хүргэе? Анги хамт олноороо монгол бичгийг хэзээнээс эхлэн суралцаж эхэлсэн бэ?

-   - Баярлалаа. Манай анги 35 сурагчтай. Монголын сайхан бичигтэн уралдаанд монгол туургатнаараа оролцдог тул босго өндөр шүү дээ. Би шавь нараа 7 дугаар ангид нь дааж авч байлаа. Энэ үед хүүхдүүдээсээ монгол бичгийн шалгалт авахад нэг хүүхэд л үсгээ 60 хувьтай мэдэж, бусад нь огт мэдэхгүй байсан. Энэ үед хүүхдүүдэдээ монгол хүн байж үндэсний бичгээ мэдэхгүй байна гэдэг маш их харамсалтай хэрэг. Яаж энэ хүүхдүүдийг монгол бичигт сонирхолтой болгох вэ? Өөрсөд нь ямар их нөөц бололцоо чадвар байдгийг харуулах вэ гэдгийг ойлгуулахын тулд сурагчидтайгаа ярилцсан. Ингээд бид "Тээгч түгээгч" уралдаанд оролцохоор хамтдаа бэлтгэсэн.

     Тус уралдаанд аймагтаа мөнгөн медаль авч, улсад байр эзлээд маань маш их урамшсан. Үр дүнд нь бүгд уншиж, бичиж сурсан. Мөн Монголын сайхан бичигтэн уралдаанд ороод 3-р байрт шалгарсан. Аливаа зүйлийн гараа ямар ч байж болно. Бариа бол чухал. Үр дүн гаргахын тулд яаж хичээж, өөрийгөө дайчлах нь чухал гэдгийг хүүхдүүд маань ойлгосон. Ялангуяа анги хамт олноороо хичээх гэдэг нь багийн ажиллагаа юм. Бүгд ижил түвшинд хичээн шамдаж байж үр дүн гарч байгаа юм шүү дээ.

 

-     -Шавь нарын тань хувьд дөрвөн жилийн хугацаанд хичээн шамдан суралцсаны үр дүн гарчээ. Харин таны хувьд массаар нь ижил түвшинд хүргэсэн өөрийн гэсэн арга барил туршлагаасаа хуваалцаач ?

-    - Миний хувьд эхлээд сурагч нартаа монгол хүн яагаад үндэсний бичгээ сурах ёстой вэ гэсэн үзэл бодлыг бий болгож зүрх сэтгэлд нь хоногшуулдаг. Дараа нь үсгийн махбодыг сургах, уншиж, бичиж сургах, багаар ажиллах гэсэн шат дараалсан арга барилд сургадаг. Мөн хүүхдүүд бие биеэсээ үлгэрлэн дуурайж багаар ажиллаж бүтээлч сэтгэлгээг бий болгохыг зорьдог. Миний хувьд аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийх зарчимтай. 

    Тухайлбал уралдаанд орж буй хүүхдүүд маань ямар ч алдаа гаргах ёсгүй гэж үздэг. Энэ уралдаануудад миний шавь нар балласан бүтээл нэг ч явуулж байгаагүй. Бид уралдаанаа хүндэлдэг учраас нэг ч милиметр алдаж болохгүй, үсгээ бүгд зөв бичих ёстой зэрэг өөрсдийн гэсэн баримталдаг хатуу зарчим бий. Эхний үед хүүхдүүдийнхээ бүтээлийг бичгийг нь хараад таньдаг байлаа. Арай гайгүй бичдэг хүүхдийнхээ бүтээлийг дээгүүр нь тавих зэргийг боддог байсан. Одоо харин нэрээ тавихгүй бол яг хэний бүтээл гэдгийг ялгахаа байсан. Энэ бол хүүхдүүд багаар хөгжин бие биеэсээ суралцан ижил жигд түвшинд хүрснийг харуулж байгаа юм.

 

-     - Үндэсний эх хэлээ сурах нь монгол хүний үүрэг гэсэн ойлголтыг зүрх сэтгэлд хоногшуулна гэдэг таны арга барил их чухал санагдлаа.

-    - Тийм ээ. Хамгийн түрүүнд би монгол хүн учраас эх хэлээ дээдлэн шамдан суралцаж үүгээрээ бахархаж явах ёстой гэсэн ойлголтыг бүрэн авсан хүүхэд маш амархан сурдаг. Монгол бичиг хүүхдэд монгол сэтгэлгээг суулгаж өгч төлөвшүүлдэг. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн авьяас, үзэл бодол, сонирхол онцлогтой шүү дээ. Үүнийг л үндэсний хэл монгол бичгээр дамжуулан гаргаж ирж хөгжүүлэхийг зорьдог.


Монгол бичиг бол монгол хүн гэдэг үнэт мөн чанарыг хадгалсан зүйл юм.



-Таны хувьд эх хэлээ хэзээнээс эрхэмлэн суралцаж эхлэв. Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ?

-2007 онд төгсөх курстээ Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд дадлага хийж байхдаа багш мэргэжлийн сайхныг мэдэрч билээ. Тухайн үед дааж байсан ангийн сурагчид халаасанд маань талархлын захидлууд хийчихсэн байдаг байлаа. Нэгэн захиаг уншаад багш мэргэжлээр бахархан төв зам дагуу уйлаад л уншиж явлаа шүү дээ. Тэр цагаас монгол хэл уран зохиолын багш болохоор шийдэж байлаа. 2010 онд аймгийн Боловсрол урлагийн газраас зохиосон “Аж ахуйн нэгжийн нэрийг монгол бичгээр урлахуй” уралдаанд оролцож шилэн дээр шигтгээгээр бүтээл хийж амжилт гаргасан цагаас эхлэн эх хэлээ эрхэмлэн суралцаж эхэлсэн дээ. Намайг өдий зэрэгт хүргэж багш болгосон зүйл бол "Монголын сайхан бичигтэн" уралдаан юм. Би энэ уралдаанд шавь нартайгаа бэлтгэж, хөгжиж, суралцаж байж энэ амжилтуудыг гаргаж байгаа юм шүү дээ.



-Монгол бичгийн багш болох суурийг тавьсан багш тань хэн бэ? Уран бичлэгийн урлагийг хэрхэн сурч эзэмшиж байна, бие дааж сурсан уу?  Эсвэл...

-Улаанбаатарын их сургуулийн доктор (Ph.D), профессор Ц.Эрдэнэбат багш маань ангийн багш, диплом удирдсан багш маань байсан нь их хувь заяа хэмээн байнга сүсэглэн бодож талархаж явдаг. Буянтай багш маань их зүйлийг заан зөвлөж, монгол бичгийн багш болох суурийг тавьсан. Уран бичлэгийн урлагийг 2013 оноос сонирхож бие даан оролдож амралтынхаа мөнгөөр Бээжин хотыг зорин бийрийн 4 эрдэнэ, хэрэглэгдэхүүнийг авч дугуйлангийн хүүхдүүдтэйгээ тэр жил  наргисан даа.

Амралтын мөнгөө уран бичвэрийн хэрэглэгдэхүүн болгосондоо нэг ч харамсаагүй юм даг. Учир нь уран бичвэрийг сурахыг,  сурагчдадаа сургахыг хүссэнд байгаа юм. 2014 онд “Бичиг соёл” төвийн тэргүүн Д.Ганбаатар багшдаа шар хадаг барьж шавь нь болж байлаа. Өнөөгийн амжилтын үндэс багш нарын минь зааж сургасан арвин их эрдмийн үр дүн. Эрхэм багштай уулзана гэдэг хэн хүнд олдоод байдаггүй ховор хувь заяа хэмээн боддог. Нэгэн талаас багш нь номлох нөгөө талаас шавь нь ихэд хичээнгүйлэх үйлийн барилдлага тэгш бүрдвээс сая эрдмийн хишиг хүнд тогтдог хэмээн бодож явдаг.

-Төгссөн сургууль, мэргэжлийн тухай товч танилцуулаач, солонгос хэлний давхар мэргэжилтэй гэж сонслоо?

-УБИС-ийг Монгол-Солонгос хэл судлаач, Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Төгсөөд солонгос хэлний орчуулагч болно гэж боддог байлаа. Багш болоод удаагүй байхад Солонгосын компанид орчуулагчаар ажиллах санал тавьж байсан. Тэр үед эх хэлээ сонгосон. Энэхүү сонголтдоо харамсаж байгаагүй ээ.


Хүн гадаад хэл сурахаараа эх хэлнийхээ үнэ цэн, яруу тансгийг улам ихээр мэдэрч хайрладаг юм билээ.

 

- Өөрийн сонгосон мэргэжлээрээ бахархаж байсан үе?

- Олон бий. Багш мэргэжил хүнээс олон талын ур чадвар, сэтгэл, тэвчээр шаарддаг мэргэжил. Олон жилийн хүч хөдөлмөрийн үр дүн удаж байж гарна. Шавь болгоноо эх хэлээрээ сэтгэж, эзний ёсоор эзэмшсэн иргэн болгон төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна. Шавь нар минь амжилт гаргаад эцэг эхчүүд хүүхэд, сургуулиараа бахархаж байгааг харах хамгийн сайхан. Шавь нар минь ярихаар огшоод, амжилтыг нь сонсохоор нулимс бүрхээд ирдэг. Ер нь багш хүн хурдан морины уяач шиг л болдог юм байна. 

Миний хоёр дахь овог “Эрдмийн далай”. Тэнгэрлэг, алтан босготой математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, оюунлаг, хөдөлмөрч хамт олон дунд ажиллаж байгаадаа талархан явдаг. Мэргэжлээрээ 16 дахь жилдээ ажиллаж байна.  Ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн удирдлагын менежмент нь хүүхэд бүрийг бүтээлээр нь хөгжүүлэн авьяас билгийг нь хөхүүлэн дэмждэг. Бодит үр дүн нь аймаг, улсдаа манлайлан улсдаа чанарын сургалтаараа шилдэг 20 сургуульд байнга багтдаг төдийгүй тэргүүний түүчээлэгч хамт олон юм. Багш, сурагчид амжилт гаргахад менежмент сайтай удирдлагуудын дэмжлэг, чиглүүлэг нэн чухал байдаг. Намайг үргэлж дэмждэг шавь нар эцэг эхчүүд, Эрдмийн далай цогцолбор сургуулийн хамт олон, Боловсрол шинжлэх ухааны газрын хамт олон та нартаа маш их  талархаж явдгаа та бүхнээр дамжуулан уламжилъя.

-Нийт уншигчдад хандаж юу гэж уриалах вэ?

Монгол сэтгэлгээг эх хэл агуулж байдаг. Тиймээс хүн бүр үндэсний бичиг үсгээ төгс сурч эзэмших хэрэгтэй. Энэхүү ярилцлагыг уншиж буй хүмүүст монголоороо сэтгэж, монгол бичгээрээ бичдэг, сэтгэл дүүрэн зорилготой, тэвэр дүүрэн ололт амжилттай, амьдрал дүүрэн аз жаргалтай, зүрх дүүрэн хайртай байхын ерөөл өргөе.

 

Холбоотой мэдээ