Чойбалсан хот алдар гавъяаны өдрөө тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-02 13:50:05

Домогт түүхт дорнод талын сувд болсон Чойбалсан хот үүсэн байгуулагдсаны 78 жилийн ойн баяр өнөөдөр эхэлж байна. Дорнодчууд түүхт ойн баяраа өрлөг жанжин, Монгол Улсын хошой баатар Хорлогийн Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөн баярын жагсаалаар эхлүүллээ.

Тэртээ 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг барьж байгуулснаар Чойбалсан хотын шав тавигджээ. Улмаар 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан–Уулын хошууны төв, 1931 оноос “Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна.

Чойбалсан хот удаа дараагийн дайн самууны үеийг өнгөрүүлэхдээ 1939 онд дайсны онгоцонд бөмбөгдүүлж, Зөвлөлт Монголын их цэргийг хүлээн авч, дайлаар мордоход нь үдэж, ялалт байгуулаад буцахад нь угтан авч байсан дайчин түүхтэй юм. Одоогоос долоон жилийн тус хотыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Цэргийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор шагнаж байсан билээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ