Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй нийгмийн үндэс мөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-17 09:01:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 16-нд Төрийн албаны ерөнхий шалгалтын нэгдүгээр улирлын нээлтэд оролцож, шалгалтын явцтай танилцлаа.


Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд нэгдүгээр улирлын шалгалт энэ сарын 15-17-нд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг үргэлжлэх юм. Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болсон ерөнхий шалгалтын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөл болон НИТХ-ын удирдлагууд оролцож, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шалгалтын явц, зарим шинэчилсэн зохицуулалтын талаар мэдээлэл солилцлоо. 


УИХ-ын дарга уулзалтын үеэр, төрийн албанд төрөл садан, танил талаараа дамжуулж биш, ур чадвар, хандлага, ёс зүйгээрээ сонгогддог байх ёстой гэдгийг онцлоод, сонгон шалгаруулалт ил тод төдийгүй хүртээмжтэй байхад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн, шалгалтад оролцогчдод амжилт хүсэхийн зэрэгцээ төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлж, хүний нөөцийг чадавхжуулснаар авлигаас ангид, ёс зүйг эрхэмлэсэн нийгмийг цогцлооно гэдгийг дурдаад, цаашид ерөнхий болон тусгай шалгалтын асуултуудыг улам боловсронгуй болгож, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр, орчин үеийн ухаалаг системд суурилсан зохицуулалтуудыг судлан хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг өглөө. 


Энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 5126 иргэн бүртгүүлсэн бол нийслэл хотоос 2050 иргэн оролцож байна. Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцогчдын дундаж ирц, оноо харьцангуй өндөр байгаа төдийгүй иргэд биеийн давтагдашгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлж оролцохоос гадна цахим үнэлгээний системээр онооны байдлыг нэгтгэн мэдээлж байгаа юм. УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ