Хүүхэд, залуусын дунд таргалалт эрчимтэй нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-03-20 12:44:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлэхээр болжээ.


Энэ тухай Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд мэдэлэхдээ, “Аяны хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэсэн ажлыг энэ оны туршид 6 чиглэлийн дагуу зохион байгуулна. Манай улсын хүн амын дунд хувь хүний амьдралын хэв маяг, зан үйл, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан буюу халдварт бус өвчнүүд, түүн дотор зүрх, судас, чихрийн шижин, хорт хавдар, осол гэмтлийн шалтгаант өвчлөл давамгайлах болж, хүн амын нас баралтын шалтгаанд зонхилох байр эзэлж, эдгээр өвчний улмаас нас барсан хүний тоо жилээс жилд нэмэгдэж байна. Манай улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг, 52.4 хувь нь ажлын байрандаа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй байна. Иймд энэхүү аяныг хэрэгжүүлснээр өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, түүнээс сэргийлэх талаарх иргэдийн мэдлэг, хандлага, ойлголт нэмэгдэж, эрүүл амьдралын хэв маяг, дадлыг хэвшүүлсэн иргэдийн тоо өсч, тэдний эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэх мэдлэг, туршлага, идэвх, санаачилга нэмэгдэж, бусдадаа эрүүл амьдрахад үлгэрлэх боломж бүрдэнэ” гэв.


Илүүдэл жин, таргалалт нас ахих тусам нэмэгддэг ч залуусын дунд эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, 25-34 насанд 2.3-2.5 дахин нэмэгдэж, 35-69 насны 10 хүн тутмын 6 нь илүүдэл жин, таргалалттай байна.


Таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалдаг. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй байна.

Монгол хүн амын хоол тэжээлийн байдлын 2017 оны үндэсний Монгол хүн амын хоол тэжээлийн байдлын 2017 оны үндэсний V судалгаагаар 6-11 насны хүүхдийн илүүдэл жин таргалалтын хувь 28.6 болж, өмнөх судалгааны дүнгээс 10 дахин нэмэгдсэн байна. Хүүхдийн илүүдэл жин, таргалалтын өргөн хүрээний 2021 оны судалгаагаар хүүхэд, өсвөр насныхны илүүдэл жин, таргалалтын тархалт “маш эрчимтэй” нэмэгдэж байгааг тогтоожээ.


Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Л.Арьяасүрэн хэлэхдээ, “Гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 50-60 хувь нь илүүдэл жинтэй байдаг. Энэ нь хөдөлгөөний хомсдол, калори ихтэй хүнс хэрэглэж буйтай холбоотой. Мөн суурьшмал амьдралаас шалтгаалан иргэдийн хөдөлгөөн хомсдсон. Жингийн илүүдэлтэй тохиолдолд алхах, аль болох машинд суухгүй байх, шатаар өгсөх, гэр орноо цэвэрлэх зэрэг хөдөлгөөн хийж хэвших нь зүйтэй. Илүүдэл жин зүрх судасны өвчнийг үүсгэгч эрсдэлийн хүчин зүйл болж байна. Жингийн илүүдэлтэй хүмүүсийн дийлэнх нь чихрийн шижинтэй, зүрх судасны архаг дутагдалд орсон байдаг. Тиймээс иргэд илүүдэл жингээ хаяж, даралтаа хянан, цусан дахь холестериныг хэвийн хэмжээнд байлган эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх боломжтой” гэв.

НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан аяны хүрээнд хийх сургалт сурталчилгааны ажлын талаар танилцуулж, таргалалт нь удамшлын болон дааврын шалтгаантай байж болох ч ихэнх тохиолдолд  буюу 90-95 хувь нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан байдаг тул хөдөлгөөний дутагдал орохгүй байх, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс татгалзахыг уриалав. Мөн улсын хэмжээнд хийсэн ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийг тодорхойлох судалгаагаар хүүхдүүдийн 18.1 хувь нь илүүдэл жин, таргалалттай, 38.5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй, 41.8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа уудаг гэсэн дүгнэлт гарсан тул эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж тэднийг хоол хүнсний зөв  хэрэглээнд сургаж, дасгал хөдөлгөөн тогтмол хйихийн ач холбогдлыг ойлгуулах шаардлага байгааг харуулж байна хэмээв.

Аяны нээлтэд оролцсон мэргэжилтнүүд ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндэд анхаарах нь монгол хүн бүрийн үүрэг гэдгийг тодотгож байв.



Холбоотой мэдээ