АРХАНГАЙ: 200 орчим нэр төрлийн эмийн ургамал ургадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-21 13:41:33
Вансэмбэрүү Saussurea involucrata herba Монгол оронд Нөмрөгт банздоо, Байгалийн банздоо, Дорогостайн банздоо, Бургас навчит банздоо зэрэг зүйлийн вансэмбэрүү мэдэгдээд байна.

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь Монгол орны физик газарзүйн мужлалаар Хангай-Хэнтийн уулархаг их мужийн Хангайн мужид хамаарагдана. Тус аймаг бүхэлдээ Голарктикийн их муж, Евразийн муж, Монголын уулын ойт хээрийн хошуу, Хангайн уулын ойт хээрийн тойрогт хамаарагдах боловч зүүн талын нэг хэсэг газар нь Иран-Тураны муж, Монголын хээр, цөлийн хошуу, Дундад Халхын хээрийн тойрогт багтдаг байна.


Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 метр өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрддэг.


Архангай аймаг нь 55.3 мянган км.кв нутаг дэвсгэртэй, далайн түвшнээс дээш дунджаар 2414 метр өргөгдсөн. Хамгийн өндөр цэг нь Харлагтайн сарьдаг /3539 м/, хамгийн нам цэг Орхон-Тамирын бэлчир /1290 м/ юм.


Тус аймагт 81 овог, 231 төрөлд хамаарах 946 зүйлийн ургамал ургадаг байна. Үүний дотор нэн ховор ургамал 46 зүйл, ховор 78 зүйлийн ургамал ургадаг байна.


ЭМИЙН ТУРУУДАЙ

\Fomitopsis officinalis [Vill.] Bond. et Sing. Овог. Туруудайтан – Fomitopsidaceae Julich\

Архангай аймагт алтан хундага, бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, царван, вансэмбэрүү, ванжингярваа, мягмансанжаа, хунчир, монгол туйплан, олон янзын дэгд зэрэг 200 орчим нэр төрлийн эмийн ургамал, банздоо, хөвөн оройт, мөөг, самар зэрэг хүнсний болон бусад чухал ургамал ургадаг. Үүний хамт арц, даль, агь, ганга гэх зэрэг таван төрлийн үнэртэн бүх нутагт ургадаг байна.


Тус аймгийн нутагт Суварга хайрхан, Цогт сүмбэр, Хутаг, Гялгар, Харлагтай, Хан өндөр, Баянбайшир, Дулаан хан, Бүрэн хан, Ноён хангай, Халзан Бүрэгтэй зэрэг өндөр уулс, Бөхөн шар, Чингэлтэй, Тарвагатай, Бугат, Хичгэнэ, Тамирын өвч битүү ой тайгаар хучигдсан уул нурууд, Тамч, Тонгорго, Хөл сая, Хайрхан, Замт, Эг, Загастай, Хилзах, Согоот, Солонгот, Бумбат, Цагаан даваа зэрэг их даваанууд, Хонгорж, Тоглох, Хөшиг, Өгийн уудам тал, Хаалга, Мандах, Хануй, Хүнүй, Хөшөөт, Цайдам, Донгойн өргөн хөндийнүүдтэй.


Хөрсний бүтэц нь их төлөв ойт уулсын саарал, хар шороон хөрс, уулын хар хүрэн хөрс, уулын ам хөндийн хар бараан хөрстэй хосолсон хүрэн, хар хүрэн хөрс нэлээд хэсгийг, тал хээрийн хүрэн, цайвар хүрэн хөрс, нуга, намгийн хар хөрс багахан хэсгийг, уулын хяр хад, асга, цасан дорх хөрс ялимгүй хэсгийг эзэлнэ.


Энд хуш, гацуур, хар мод, хус, улиас, хайлаас, бургас зэрэг шилмүүст, навчит мод, буриагуул, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, тавилгана, монос, шар мод, далан хайлс, жимст модод зэрэг 50 гаруй төрлийн модлог бут ургамал ургадаг.


ХАНГАЙН ХОНХЛОЙ

\Adenophora changaica Gubanov et. R.Kam. Magnoliophytina Овог. Хонхонцэцэгтэн – Campanulaceae Juss.\

















Мөн бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаа, поврон зэрэг цайны ургамал, улаалзгана, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг олон төрлийн жимс, жимсгэнэ, гичгэнэ, тарна, сонгино, халиар, мангина, хүнхээл, зэрлэг жууцай, янз бүрийн гогод, хүмүүл, таана зэрэг хүнсний аминдэмт ургамал арвин бий.


МОХООДУУ ЯРГУЙЖИН

\Anemone obtusiloba D.Don. Magnoliophytina. Овог. Холтсонцэцэгтэн - Ranunculaceae Juss.\


Холбоотой мэдээ