МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Р.Шынай "Ардын уран зохиолч" цол хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-03-21 15:05:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч, зохиолч, яруу найрагч, орчуулагч Рахметийн Шынай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Ардын уран зохиолч" цолоор шагнууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр түүнд цол тэмдгийг нь гардуулан өглөө. Р.Шынай хэвлэл мэдээлэл, утга зохиолын салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн сонин, сэтгүүл, радиод сурвалжлагч, редактор, МЗЭ-ийн салбар, сэтгүүлд эрхлэгч, мөн аймгийн МАН-ын хорооны хэвлэл мэдээллийн ажилтан, "Ардын эрх", "Өдрийн сонин", МОНЦАМЭ агентлаг, МҮОНР-гийн орон нутаг дахь сурвалжлагчаар тус тус ажилласан бөгөөд эрдэм шинжилгээний салбарт гэрээгээр үр бүтээлтэй ажилласан юм.


МЗЭ-ийн гишүүн Р.Шынай яруу найраг, үргэлжилсэн үгийн 20 орчим ном хэвлүүлсний зэрэгцээ 10 орчим жүжиг нь тайзнаа амилж, үзэгч түмний хүртээл болсон байна. Үүний зэрэгцээ Д.Нацагдорж, Б.Ринчен, Ч.Лодойдамба, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, С.Эрдэнэ, Д.Мягмар, П.Бадарч, Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, Р.Чойном нарын зэрэг нэрт зохиолч, яруу найрагчдын шилдэг бүтээлүүд, "Гэсэр" тууж, Зян Руны "Чонон сүлд", М.Пүрэвмаагийн "Сахиусан тэнгэрүүд" роман, С.Нарангэрэлийн "Чингис хаан, Монголчууд", С.Дашгомбын "Голомт хиртсэн жилүүд" бүтээлийг казах хэлээр, И.Есенберлиний "Нүүдэлчид" роман, Ахытын 55 шүлэг, Х.Махфузын "Хаан хүү минь" тууж зэргийг монгол хэлээр хөрвүүлэн гаргаж, Ц.Дамдинсүрэнгийн намтар, уран бүтээлийн тухай өгүүллээ Казахстаны нэвтэрхий толинд оруулжээ.


Түүнчлэн 30 орчим ном редакторлан, 20 орчим зохиолчийн бүтээлд шүүмж бичжээ. Ардын найрагч Ахыт, Дөнтай нарын бүтээлийн өвийг цуглуулж ном болгон хэвлүүлсэн бөгөөд Монголын казахуудын түүх, угийн бичиг, уламжлал, зан заншил, аман зохиол зэрэг уран зохиол, угсаатны зүйн бүтээлүүдийг цуглуулан хэвлүүлсэн аж. Тэрчлэн төв орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан хугацаандаа Ойрадын баатар Амарсанаа, гарамгай баатар Л.Дандар, жанжин Ц.Хасбаатар, төр нийгмийн зүтгэлтэн Т.Сурхбаяр, С.Цагаанбилэг ноён, Х.Хилаан, Б.Хабий, М.Хашгамбай, Ш.Ногая, М.Зайсанов, Б.Хурметбек, К.Мизамхан, Р.Сандалхан, А.Тлейхан, Х.Баделхан, Улсын баатар М.Икей, эх оронч Ж.Жанабилхан зэрэг олон арван хүний тухай найруулал, нийтдээ 10 мянга гаруй мэдээ, сурвалжилга, нийтлэл туурвиж, ард түмний оюун санааны амьдрал, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм. 


Р.Шынайгийн хэвлэл мэдээлэл, утга зохиол, угсаатны зүйн салбарт он удаан жил өндөр үр бүтээлтэй хөдөлмөрлөснийг төр засгаас үнэлж, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагнал, Соёлын болон Хэвлэл мэдээллийн, Аялал жуулчлалын тэргүүний ажилтан, Армийн тэргүүний суртал нэвтрүүлэгч зэрэг цол тэмдгийг хүртээж байв.


Холбоотой мэдээ