ДАРХАН-УУЛ: Гүний ус бохирдох эрсдэлтэй тул мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-22 13:52:58

Дархан /МОНЦАМЭ/. НҮБ-ын 1992 оны чуулганаас цэвэр усны гачигдалд буй улс орны хүн амыг усны хомсдолоос гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, хэмнэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон зарлан тунхагласан. Жил бүр өөр, өөр уриан тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрийг энэ жил “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Цэвэр усны өнөөгийн байдал, Дарханыхны ундны усны хэрэглээ, ашиглалт, нөөцийн талаар "Дархан-Ус суваг" ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Т.Буяндэлгэрээс тодрууллаа.




Газрын гүний ус нь дэлхийн нийт усны ердөө нэг хувь, харин гадаргын ус 99 хувийг эзэлдэг ажээ. Монгол Улсын хувьд газрын доорх усыг унд, ахуйн хэрэглээнд ашигладаг. Учир нь цэвэр, цэнгэг, унд ахуйн стандартад хамгийн их нийцдэг аж. Цэвэр усны хомсдолтой орнуудын жагсаалтын 36 дугаарт манай улс жагсдаг судалгаа байдаг. Энэ нь усны хомсдол үүсэх хамгийн эрсдэлтэй улсын тоонд багтдаг. Тиймээс зөвхөн газрын гүний усыг унд, ахуйд хэрэглэх бус гадаргын усыг ашиглах шаардлага тулгарч байгааг мэргэжлийн байгууллагууд зөвлөдөг.




Хүн амын төвлөрөл ихтэй, жилээс жилд өргөжин тэлж буй Дархан-Уул аймагт нэг литр усыг 1.3 төгрөгөөр айл, өрхүүд ашигладаг. Энэ нь ус хэт үнэгүй байгаагийн нэгэн илрэл бөгөөд түүнийг дагасан зохисгүй хэрэглээ тогтмол гардаг гэж "Дархан-Ус суваг" ХК-ийн ерөнхий инженер Т.Буяндэлгэр хэлж байна.


Цэвэр ус нь стратегийн бүтээгдэхүүн учраас УСУГ-ын болон бусад зохицуулах зөвлөлөөс бодлогоор усны үнэ, тарифын өөрчлөлт хийгддэг учир орон нутаг хийгээд улсын хэмжээнд дураараа үнэ өөрчлөх боломжгүй ажээ. "Дархан - Ус суваг" ХК жилд 2.2 сая м.куб усыг олзворлож айл өрх, үйлдвэр аж ахуй нэгжүүдэд түгээдэг. Аймгийн хэмжээнд 90 гаруй мянган айл, 1500 орчим ААНБ үйл ажиллагаа явуулж байна. Мөн Дарханы дулааны сүлжээ ТӨХК-тай хамтран ялтсан бойлууртай айл өрхүүдэд хүйтэн усыг халааж хэрэглээний халуун усаар ханган ажиллаж байна.

 




Аймгийн хэмжээнд 1,2,3 дугаар шатны цэнгэг усны нөөц тогтоосон судалгаа байдаг аж. Хоногт 54.000 м.куб усыг Дархан-Уул аймгийн хэмжээнд хэрэглэхэд буцаан сэргээгдэх буюу гүний ус нөхөгдөнө гэсэн судалгаа гарчээ. "Дархан - Ус суваг" ХК 70.000 м.куб ус олзворлох хүчин чадалтай. Одоогоор хүчин чадлынхаа 15 хувийг л ашиглаж байна.


Анх үйлдвэрүүд түшиглэсэн хот байгуулсан ч зах зээлд шилжсэнээс хойш томоохон үйлдвэрүүд зогссон. Үүнээс шалтгаалан хэрэглээ огцом буурч, бүрэн хүчин чадлын хэмжээ 15 хувьд хүрсэн аж. Одоо хоногт 9000 гаруй м.куб усыг олзворлож 50 гаруй хувь буюу 4500 гаруй м.куб усыг үйлдвэр ААНБ-уудад түгээж, үлдсэнийг нь айл өрхүүд хүлээн авч хэрэглэж байна.

 


Улсын хэмжээнд ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөтэй цор ганц аймаг болж чадсан. Одоо дараагийн аймгууд төлөвлөгөөгөө хийгээд явж байгаа байх. Ойрын хугацааны стратеги төлөвлөгөө буюу 2022-2026 он хүртэлх 4 жилийн ундны усны аюулгүй байдлын аймгийн ИТХ-ын 4 дүгээр сарын хурлаар дараагийн шатны төлөвлөгөөгөө оруулахаар бэлтгэл байдлаа хангаж байгаа талаар Т.Буяндэлгэр дурдлаа.

 


"Дархан-Ус суваг" ХК-ийн лаборатори 5 удаа итгэмжлэгдсэн бөгөөд 24 цагийн турш ундны цэвэр усны дээж авч сорьцыг тогтмол шинжилж байна. Сүүлийн жилүүдийн шинжилгээний хариунаас үзэхэд маш цэнгэг түвшний усыг Дарханыхан хэрэглэж байна. Шинжилгээний хариу дүн мэдээллийг Хараа, Ерөө голын захиргаа, БОАЖГ, БХБЯ болон бусад холбогдох зохицуулах зөвлөлүүд рүү тогтмол хүргэдэг. Тиймээс өнөөдрийн байдлаар бид ямар нэгэн бохирдсон усыг хэрэглээгүй. Цэнгэг түвшний усыг өдөр тутамдаа хэрэглэж байна гэж онцолж байлаа. Энэхүү цэнгэг байдлаа хадгалахын тулд иргэн бүрийн оролцоо, үүрэг чухал гэдгийг хэлж байна.



Учир нь гүний ус бохирдоно. Шалтгаан нь ундны усны эх үүсвэрийн тэжээл буюу бидний хэлж заншсанаар худгуудын ойр орчимд мал бүхий айл өрхийг суурьшуулахгүй байх. Энэ нь эрсдэлийг бий болгодог аж. Хөрсөн дээр бохирдол үүссэнээр байгалийн жамаараа бороо, цасаар дамжин хөрсөнд шингэнэ. Хөрсөөд дамжин гүндээ очсон тохиолдолд биологийн хүчин зүйлд орох магадлалтай. Ингэснээр гэдэсний эмгэг үүсгэгч нян үүсэж, айл өрхийн ундны усаар дамжин халдвар гарах магадлалтай. Тэр дороо биш юмаа гэхэд аажимдаа халдварлана.




Үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэхээр Хараа голын орчимд газар олгохгүй байх, Эрдэнэт явах автозам, Сайханы гүүр орчим дулааны улиралд худалдаа, үйлчилгээ гаргахгүй, гэр цайны газарт зөвшөөрөл өгөхгүй байвал маш сайн. Ялангуяа амралтын газар байгуулахгүй байх. Ундны усны хамгаалалтын бүс нь 1000 м гэж заасан байдаг. Энэ бүсэд ялангуяа дээрх зүйлийг байлгах шаардлага огт байхгүй. Эдгээр зүйлүүд байсан тохиолдолд ундны ус гүндээ бохирдох эрсдэлтэй ажээ.


"Дархан-Ус суваг" ХК-ийн тухайд нэгэн шинэлэг ажлыг хийж байна. Гэр хорооллуудад ААНБ-ын болон олон улсын байгууллага, зээл тусламжаар олон худаг барьсан. Тэр худгуудыг өөрийн эзэмшилдээ авахаар төлөвлөж байгаа аж. Ундны стандартын шаардлага хангасан усыг аюулгүй болгох үүднээс ийм зорилт дэвшүүлсэн байна. Мэргэжлийн байгууллага нь хариуцъя гэдэг санааг илэрхийлсэн. Ингэснээр сумын хэмжээнд амьдарч буй иргэдийн ундны усны асуудал нэг мэргэжлийн байгууллага дээр төвлөрнө. Усны найдвартай байдал орон сууцны айл өрхүүдтэй дүйцэж, эрүүл мэндийн талаасаа ч сайжирна гэж дүгнэжээ.




Учир нь ундны уснаас нянгийн бохирдол илэрч байсан тохиолдол бий. Гэхдээ энэхүү бохирдол нь "Дархан-Ус суваг" ХК-ийн худгуудаас илрээгүй аж. Өдөр тутам лабораторид шинжилдэг учраас нянгийн бохирдол гарах боломжгүй. Харин олон улсын байгууллагын болон бусад хөрөнгө оруулатаар барьсан зарим нэг худгаас нянгийн бохирдлын тоо болон усны асуудал хөндөгдсөн аж. Тиймээс ундны усыг аль нөхцөлд /гэр хороолол, орон сууц/ бүх худгийг мэргэжлийн байгууллага нь хариуцдаг байхаар дээрх ажлыг санаачилжээ. Нийт 16 худгийг 2023 онд үе шаттай хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 


Жил бүрийн усны өдрийг тохиолдуулан үйл ажиллагаа зохион байгуулдаг ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байсаар байна. Тиймээс иргэдэд хүрэх нөлөөллийн хэлбэрээ өөрчлөх, шинийг санаачлан хэрэгжүүлж байна. Эцэг, эх, насанд хүрэгчдэд усны мөн чанар, ямар их үнэ цэнтэй вэ? гэдэг ойлголтыг өгөхөөс илүүтэй хүүхэд, багачуудад ойлгуулах нь ирээдүйд хэрэгтэй гэдгийг жил бүр зохион байгуулдаг усны өдрийн хүрээнд хийсэн ажлуудаас дүгнэжээ.

Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд энэ хэлбэрээр үйл ажиллагаа явуулж үзсэн. Хүүхэд гэр бүлийнхээ гишүүдэд нөлөөлж чадах, усыг хайрлаж хамгаалах нь чухал гэдгийг ойлгуулдаг субъект юм байна гэдгийг ойлгосон. Энэ ч утгаараа бид хүүхдийн жүжгийг хүртэл дэмжин Залуучууд театртай хамтран ажиллаж, бага насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй тоглуулсан гэж "Дархан-Ус суваг" ХК-ийн ерөнхий инженер онцолж байна.

Усыг зүй зохисгүй хэрэглэснээс болж дулаарал, хуурайшилт явагдаж байна. Мөн мод тарих нь маш чухал. Дэлхий дээрх 7 тэрбум хүн амын 5 тэрбум нь 2050 он гэхэд усны хомсдолд орно гэсэн судалгаа гарсан. Энэхүү усны хомсдол манай улсад ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Тодруулбал, эрүүл ахуйн шаардлага хангасан стандартын цэвэр усанд одооноос анхаарал хандуулахгүй бол усны хомсдолд ороход ойрхон байна гэв.

 



Тус аймгийн цэвэрлэх байгууламж улсын хэмжээнд хамгийн өндөр түвшинд цэвэрлэдэг аж. Улаанбаатар хот 76 хувийн цэвэршилттэй гаргадаг бол манайх 90-92 хувийн цэвэршилттэйгээр усыг цэвэрлэж байгальд буцаан бохирдсон усыг цэвэрлэж нийлүүлдэг ажээ.


Монголчууд саарал ус гэдэг зүйлийн талаар буруу ойлголттой байдаг аж. Саарал ус гэдэг нь хүний ялгадас ороогүй ахуйн бохирдлоос гарч буй усыг тусдаа суурилуулсан шугамаар авахыг хэлнэ. Ингэж авч цэвэршүүлснээр бусад зүйлд ашиглах боломжтой болдог. Гэвч иргэд хүний ялгадас орсон, үйлдвэрээс гарч буй химийн бохирдолтой усыг ч мөн саарал ус гэж ойлгодог. Энэ нь хэт бохирдолтой хар ус гэдэг. Манай улсын орон сууцуудыг ОХУ-ын технологиор барьсан учраас саарал усыг тусад нь ялган авч ашиглах боломжгүй аж. Бүгд нэгдсэн нэг системээр цэвэрлэх байгууламжид нийлүүлээд цэвэршүүлэлт хийдэг аж.



Дархан-Уул аймгийн хэмжээнд цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг ашигладаг ганцхан ААНБ байдаг аж. Тэр нь төмрийн хүдрийн боловсруулах үйлдвэр болох “Ган хүдэр орд” ХХК. Тухайн компани нь "Дархан- Ус суваг" ХК-тай найман жил хамтран ажиллаж байна. Саарал усыг дахин ашиглахад дэмжлэг үзүүлэх заалт дотоод журамд байдаг бөгөөд тухайн заалтыг үндэслэн ашиглаж байна. Өдөртөө цэвэрлэх байгууламжаас 8000 орчим м.куб ус цэвэршүүлэгдэн гардаг. Үүнийг авч өөрийн байгууллага дээрээ тунгаагуур хийн, гүний усаар саармагжуулан үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд саарал ус нь үнэ төлбөргүй ажээ.



Сүүлийн жилүүдэд хөндөгдөж буй асуудал нь усыг зөв зохистой хэрэглэхийг зөвлөж авто угаалгын газруудыг саарал ус ашиглах, хөрсний өнгөний усаар үйл ажиллагаагаа явуулах талаар ярих болсон. Гэвч хуулиараа төвлөрсөн шугамаас тэжээл авах боломжтой ААНБ-уудыг гүний худаг гаргахыг хориглодог ажээ. Тиймээс энгийн жишээ гэхэд автомашин угаалгын газрууд худаг гаргах боломжгүй. Гаргах боломжтой байлаа гэхэд Ус сувгаас 1.3 төгрөгөөр усаа худалдан авч төвлөрсөн шугамаас шууд хэрэглэж бизнес хийх нь зардал багатай байгаа учраас цэвэр усыг хайрлахыг хүсдэггүй гэв.

Авто угаалгаас гарч буй усыг дахин боловсруулж, өртөг шингэсэн усыг ашиглах нь ашиггүй хөрөнгө оруулалт болдог учраас бага зардлаар усаа худалдан авч үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААНБ-ууд усны хомсдол үүсэж байна гэдгийг ойлгодоггүй гэж мэргэжлийн байгууллагынхан халаглаж байна.



Энэ бүхний эцэст Дэлхийн Уур амьсгалын өөрчлөлтийг сүүлийн 20 жилээр авч судалсан судалгаагаар Монгол Улс дэлхийн хэмжээнээс 3 дахин хурдацтай уур амьсгалын өөрчлөлтөд өртөн, дулаарал явагдаж буй улсын тоонд оржээ. Ингэснээр усны нөөц байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр багасч байна. Тиймээс иргэд усыг хайрлах, зөв зохистой хэрэглэж сурах шаардлага өдөр бүр тулгарч байна.

 

Холбоотой мэдээ