Стратегийн команд штабын сургуулийг тавдугаар сард зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-22 14:58:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стратегийн команд штабын сургуулийг ирэх тавдугаар сарын 24-26-нд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.


Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ сургуулийг зохион байгуулах юм. Үндэсний хэмжээний томоохон дадлага сургуулийн бодлогын хүрээнд 6 дүүрэгт хийж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт байгаа хээрийн эмнэлгийг дэлгэж, тэнд ажиллах эмч ажилтнуудыг сургаж бэлтгэх, мэргэжлийн байгууллагууд хоорондоо ажлаа уялдуулахтай холбоотой дадлага сургууль хийнэ.


Байгалийн давагдашгүй хүчин зүйл өвлийн улиралд тохиолдсон үед яаж хариу арга хэмжээ зохион байгуулах, цахилгаан хангамж тасарвал хаанаас авах, ямар нөөц, арга зам байгааг хариуцаж буй яам агентлаг яаж хийх, байж болох хувилбаруудыг ярилцахыг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр тэмдэглээд, “Гамшиг тохиолдсон үед урт хугацааны бэрхшээл, саад тотгор, уй гашуу, сэтгэл санааны болоод бие махбодод үүсэх, хор хохирлыг гэтлэн давах, сөрөн тэсвэрлэх чадавх тулгарна. Иймд энэ сургалтыг зохион байгуулна” хэмээлээ.


Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёлын бүх үйл ажиллагааны 60-90 хувь нь нийслэлд төвлөрдөг. Энэ нь газар хөдлөлтөөс учрах гамшгийн хохирлыг энэ хэмжээгээр нэмэх магадлалтай. Ийм эрсдэлтэй бүсэд ажиллаж амьдарч буй бид болзошгүй аюул тохиолдсон үед хамгийн хохирол багатайгаар даван туулах дадлага сургуулийг эзэмшсэн байх шаардлагатай. Гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл хийх тусам хохирол бага давна. Үүрэг хүлээсэн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд энэ дадлага сургалтад идэвхтэй оролцож, бэлтгэлээ сайтар хангахыг анхааруулж сануулах юм” гэв.


ОБЕГ-аас иргэн хүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой газар хөдлөлтийн үед ямар заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, хэрхэн хамтарч ажиллах, ямар дэмжлэг үзүүлэхтэй холбоотой сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах тул ард иргэдийг идэвхтэй оролцохыг уриаллаа. 


Нийслэлд 2002 оноос өмнө барьсан нийгэм, соёл, олон нийтийн 1800 барилгын 900-д нь дүгнэлт хийхэд 400 нь газар хөдлөлтийн тэсвэргүй гэсэн тоо баримт гарчээ. 

Холбоотой мэдээ