Дотоодын үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх төрийн өмчит корпорац байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд гишүүдийн олонх дэмжлээ.
“Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг салбарын хөгжлийг дэмжих урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт УИХ-д өргөн мэдүүлж яаралтай горимоор батлуулах шаардлагатай гурван хуулийн төслийн нэг нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд эрчимтэй оруулах нөхцөлийг бүрдүүлж, салбарын үйлдвэрийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хот, суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан хүн амыг эрүүл бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах бодлогыг хэрэгжүүлдэг. Энэхүү бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрийн зарим чиг үүргийн хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр хийж байгаа таримал ургамлын үр, суулгац, сортын үрийг үржүүлэх, ургамал хамгааллын бодис, бордоо, шатахууны импортын худалдаа, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн дилерийн болон түрээсийн үйлчилгээ, засвар, сэлбэг хэрэгслийн худалдаа, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, хөдөө аж ахуйн зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээ зэрэг ажил, үйлчилгээг аж ахуйн тооцоонд шилжүүлж, өөрийгөө санхүүжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн байна.
Цаашлаад хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдгээрийн зах зээлийн бодит эрэлт, хэрэгцээнд тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, шударга, хүртээмжтэй хуваарилалтын тогтолцоог бүрдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн технологитой уялдсан тасралтгүй нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор аж ахуйн тооцоот төрийн өмчит корпорац байгуулах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ.
Энэхүү төрийн өмчит корпорац нь Компанийн тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, улсын төсөвт учруулж буй өрийн дарамтыг бууруулах, хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, тоо хэмжээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох зэрэг олон эерэг үр дүн үзүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн таримал ургамлын үр, сорт, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун, газар тариалангийн тоног төхөөрөмж, усалгааны багаж хэрэгслийг хямд үнээр тариалалтын технологийн хугацаанд нийлүүлнэ гэдгийг Х.Болорчулуун сайд танилцууллаа. Мөн үйлдвэрлэлийн менежментийг сайжруулан шаардлагатай засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх, буудайн хадгалалтын нөхцөл сайжрах, цаашлаад үр ашиг нэмэгдэнэ гэж тооцож байна. Иймд дээр дурдсан ач холбогдлыг харгалзан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн Хөдөө аж ахуйг дэмжих сан болон уг санг эшилсэн бусад заалтыг хасах замаар Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгах Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, С.Одонтуяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авсан. Өмчлөлийн хэлбэрийг өөрчилснөөр бизнес, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж, улмаар үр ашигтай хөшүүргийн бодлогыг хэрэгжүүлэн авлага барагдуулалтыг нэмэгдүүлснээр байгууллагын санхүүгийн чадвар сайжирна хэмээн тооцсон болохоо Х.Болорчулуун сайд тайлбарлалаа. Байгууллагын санхүүгийн чадвар нэмэгдсэнээр улсын төсөвт учирч буй өрийн дарамтыг бууруулах ач холбогдолтой юм байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэгийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг бий болгох, санхүүгийн эх үүсвэрийн нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэхийн сацуу олон улсын ижил төстэй үйл ажиллагаа бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, дэвшилтэт техник, технологи, арга барилыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой хэмээн тооцсон байна.