Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболдыг сонгохыг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Энхболдыг нэр дэвшүүлсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын нэрийг дэвшүүлсэн байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь уг асуудлыг дэмжив. Ингэснээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг сонгож, Н.Энхболдыг тус дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.