Явган хүний 25 мянган ам метр замыг засаж шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-24 14:09:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил, цаг үеийн бусад асуудлыг мэдээлэв.


УБЗАА ирэх онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тодруулбал, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.


Мөн УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Нийслэлд хүн төвтэй гудамж бий болгоход анхаарч байна. Өнгөрсөн онд явган хүний 60 мянга орчим ам метр зам тавихаар төлөвлөснөөс 20 мянга гаруй ам метрийг нь барьсан. Үлдсэн байршлын тухайд газар чөлөөлөх гэх мэт шалтгаанаар он дамжин хийж байгаа. Улаанбаатар хотод 2023 онд он дамнан хэрэгжиж буй 19 байршлын 44 мянган ам метр, энэ онд шинээр 15 байршлын 25 мянган ам метр явган хүний замыг засаж, шинэчлэхээр төлөвлөж байна. Мөн иргэдийн хүсэлтээр гол замуудад налуу замыг 500 орчим байршилд хийхээр төлөвлөсөн” хэмээв.


Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут сөөг тарьж, долоон байршилд 18 цэцэгт байгууламж хийнэ.

Холбоотой мэдээ