Хэл засалч багш нар дипломоо гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-03-27 09:33:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэл засалч мэргэжлээр нэг жил суралцаж төгссөн хоёр дахь төгсөлтийн 40 багшид мэргэжлийн дипломыг нь гардууллаа.

 

Хоёр дахь төгсөлтөд Ховд, Баян-Өлгий, Дорнод, Эрдэнэт, Дархан-Уул аймгаас сургууль цэцэрлэгийн багш нар хамрагдсанаараа онцлогтой. Диплом гардуулах ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын асуудал хариуцсан атташе Латышева Надежда Юрьевна, БШУЯ-ны Ерөнхий Боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын тэгш хамран сургах бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн А.Саруул, Монголын Хэл Засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбооны захирал МУГБ Ч.Ганбилэг нар оролцлоо.

 

Тус хоёр байгууллага зөвхөн мэргэжил олгоод зогсохгүй, төгссөн хэл засалчдынхаа мэргэжлийг байнга дээшлүүлэхэд илүү анхааран ажиллах юм. Тун удахгүй нэгдүгээр анги төгссөн хэл засалчдын гурав хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалт эхлэх юм.

 

Монгол Улсад мэргэжлийн хэл засалч багш бэлтгэж эхэлснээс хойш 60 орчим жил болж байна. Харин энэ хугацаанд энэ мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх байдал тасарч, хэл засалч хэмээх боловсон хүчин өнөөдөр маш цөөрөөд буй.

 

Хэл засалч бол хүүхэд болон насанд хүрэгчдийн хэл ярианы аливаа бэрхшээлийг засан сайжруулдаг нарийн нандин мэргэжил бөгөөд тухайн хүн хүсэл сонирхлоороо, сэтгэлээсээ мэрийж ажилладаг үр дүн нь илэрхий харагддаг өвөрмөц нэгэн мэргэжил юм.

 

Монгол Улсад мэргэжлийн хэл засалч тун цөөрсөн, хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн тоо ихэссэн энэ үед Монголын хэл засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбоо, Буриадын Бүгд Найрамдах Улсын боловсролын бодлогын хүрээлэнтэй хамтран нэг жилийн онлайн сургалтаар дээд боловсролтой иргэдийг хэл засалч мэргэжлээр дахин бэлтгэж буй. Энэ ажил дэлхий дахиныг хамарсан ковидын хатуу хөл хорионы үеэр эхэлсэн ба өнгөрсөн оны 6 дугаар сард анхны төгсөлтөө хийж, 45 хүн хэл засалч мэргэжил эзэмшин дипломоо гардсан. Эдгээр төгсөгчдийн дийлэнх нь хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлж байна.




Холбоотой мэдээ