БАЯНХОНГОР: Бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-03-28 13:00:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бугын эвэр түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/70 дугаартай тушаалыг аймгийн БОАЖГ-аас танилцууллаа.


“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг байна. Тухайн цаг хугацаанд иргэд бугын эвэр түүж бэлтгэх зорилгоор хараа хяналтгүй ойн сан бүхий газруудаар хоноглон гал түлдэг, татсан тамхины ишээ бүрэн унтраадаггүй зэргээс шалтгаалан түймэр тавих эрсдэл их байдаг тул дээрх тушаалыг гаргажээ.



Монгол оронд гарч буй ой, хээрийн түймрийн 95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан байдаг. Сүүлийн таван жилийн дунджаар жилд 2.2 сая га газар ой хээрийн түймэрт өртдөг гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс ой хээрийн туймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо нэн чухал болохыг холбогдох албаныхан сануулсан.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн ойн сан нийт 820.681 га талбайг эзэлж байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 7.08 хувь нь юм.  Тус аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст сумын 787.246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумын 33.435 га талбайд шинэсэн ой ургаж байгаа аж.

Холбоотой мэдээ