Ложистикийн төв барьснаар 200 орчим ажлын байр бий болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-09-05 10:54:21

Дорноговь аймгийн Замын-Үүд сумынхны хувьд 9 дүгээр сарын 2 онцгой өдөр байлаа. 1956 оны 1 дүгээр сарын 3-нд анхны галт тэрэг Монгол, БНХАУ-ын хооронд Замын-Үүд өртөөгөөр зорчсоноос хойш 60 жил өнгөрч, түүхэн ойг тэмдэглэж байгаа энэ үед Замын-Үүд өртөөний болон бүс нутгийн хөгжил дэвшлийг урагшлуулах ач холбогдолтой чухал үйл явдлууд боллоо.

Энэ өдөр Замын-Үүд өртөөний шинэчлэлтэд зориулж олгох ӨМӨЗО-ны Засгийн газраас 3 сая юанийн буцалтгүй тусламжийн гэрээнд Эрээн хотын орлогч дарга Сун Хян Лянь, Улаанбаатар Төмөр Зам Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нар гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын дараа Л.Пүрэвбаатар дарга хэлсэн үгэндээ “1956 онд Монгол, Хятад хоёр улсын хооронд анхны төмөр замын харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг, бусад салбарын харилцаа өргөжин тэлэх нөхцөл бүрдсэн юм. 60 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд бид Замын-Үүд өртөөг шинэчилнэ. Өртөөний техник, тохижилтын ажлыг Хятадын хөрш зэргэлдээ орших засаг захиргааны нэгжтэй хамтарч хийнэ. Ингэснээр Замын-Үүдэд Хятадын талаас оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа юм” гэсэн юм.

Тэрбээр үргэлжлүүлэн “Энэ хөрөнгө оруулалтыг Замын-Үүд өртөөний тавцанг бүрэн шинэчлэх, вокзалын барилгыг түүхэн хэлбэрээр нь сэргээн барих зэрэг ажилд зарцуулахаар төлөвлөж байна. Хятадын төмөр замын сүлжээний сүүлийн өртөө манайд байдаг. Энэ өртөөг орчин үеийн телемеханик буюу бусад дохиоллын хэрэгслээр тоноглоно. Хятадын төмөр замд өнөөдөр хэрэглэж буй системийг нэвтрүүлж, мэргэжлийн туслалцаа авна” гэлээ. Түүнчлэн  Замын-Үүдэд уулзаж байгаа Оросын төмөр замын сүлжээ, Зүүн Өмнөд Ази болон Хятадын төмөр замын сүлжээг улам бүр хөгжүүлэн, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүстэй холбож, гурван улсын эдийн засгийн коридорын чухал зангилаа болгож хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа Л.Пүрэвбаатар дарга ярьсан юм.

Замын-Үүд суманд болсон хоёр дахь үйл явдал нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх Мон-27/0240 төсөл”-ийн барилга угсралтын нээлтийн ажиллагаа, шав тавих ёслол байлаа. АХБ-ны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Зам, тээврийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж  буй уг төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын 21-р товчоо групп компани сонгогдон барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэх зам, тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд гааль, татвар, мэргэжлийн хяналтын үйлчилгээг нэг цэгт үзүүлэхээр заасан билээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эдгээр зорилт болон Мянганы хөгжлийн зорилтыг хангах таатай нөхцлийг бүрдүүлж, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт, улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашигтай, өрсөлдөхүйц, найдвартай холимог тээврийн системийг хөгжүүлж, ашиглахад тус төслийн зорилго оршиж байгаа ажээ.

Ёслолын үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Б.Энхтүвшин, Замын-Үүд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Анхбаяр, Замын-Үүд өртөөний дарга О.Мэндсайхан, Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар, Монголын төмөр зам ТӨХК-ийн захирлын үүргийг орлон гүйцэтгэгч Ц.Түмэнбаяр, БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа консул Цай Вэньруй, Хятадын төмөр замын 21-р товчоо групп компанийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцов.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур хэлсэн үгэндээ, “Төслийн хүрээнд Замын-Үүд боомтоор дамжин өнгөрөх экспорт, импортын ачааны хяналт шалгалтын нэг цэгийн болон ложистикийн үйлчилгээг бий болгох, вагон-вагон, авто машин-авто машин,  вагон-авто машин, авто машин-вагон хооронд шилжүүлэн ачилт хийхэд зориулагдсан цогц байгууламж баригдах юм. Ложистикийн төвийг барьснаар 200 орчим ажлын байр шинээр бий болж буйг дуулгахад таатай байна” гэсэн юм.  Энэхүү төслийн хэрэгжилт нь орон нутгийн засаг захиргаа, захиалагч болон санхүүжүүлэгч талууд, төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх баг, барилгын гүйцэтгэгч нарын хамтын хүчин чармайлтаас ихээхэн хамаарахыг тэрбээр онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан “Ташкент хотод болсон Монгол, ОХУ, БНХАУ улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гарын үсэг зурсан “Гурван улсын эдийн засгийн коридорыг байгуулах” гэрээг бодит ажил болгоход энэхүү бүсийн ложистикийн төвийг хөгжүүлэх төсөл онцгой чухал үүрэгтэй юм. Монгол Улсын гадаад худалдааны гол боомт Замын-Үүдэд ложистикийн төвийг хөгжүүлснээр Монгол Улс дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бий болох, гуравдагч орнууд руу тээврийн шинэ гарц нээгдэхээс гадна орон нутагт ажлын байр олноор бий болох, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих, түүнийг дагаад аялал жуулчлал хөгжих, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг иргэдийн амьдралд шууд тусгалаа олох олон давуу тал бий болох юм” гэлээ.

Төслийн зохицуулагч Д.Энхбаатар “Өнөөдрийн байдлаар ложистикийн төвийн гадна дэд бүтцийн барилга угсралтын ажлыг бүрэн хийж дуусгаад байна. Энэ ажлын хүрээнд 3,52 км цэвэр усны магистраль шугам, худгийн ажил, хамгаалалтын хашаа, 2,9 км цахилгаан эрчим хүч дамжуулах агаарын шугам, гадна холбоо, хангамж, 2*630 кВА-ын дэд өртөө, 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 2*630 кВА, 2*16000 кВА цахилгааны дэд өртөөнүүд, холбоо, интернетийн сүлжээнд холбох ажлууд болон төмөр замтай хоёр түвшинд огтлолцох 1,6 км авто зам, гүүрийн ажлыг хийж гүйцэтгээд байна”, гэсэн юм. Цаашид бүс нутгийн ложистикийн төвийн барилга угсралтын ажил, 50тн болон 70тн гүүрэн кран худалдан авах ажил болон ложистикийн төвийн төмөр замын дохиолол, холбооны ажил хийгдэхээр төлөвлөгдөөд байна.

Тэрбээр үргэжлүүлэн төслийн ач холбогдлын талаар “Монгол Улс өндөр хүчин чадал бүхий ложистикийн ийм төвтэй болсноор эдийн засгийн хүртэх ашгийг өндрөөр тооцоолж байгаа билээ. Зүүн өмнөд Азиас ОХУ, Европын Холбооны улс орон руу тээвэрлэр ачааг өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлээд зогсохгүй олон улсын тээврийн коридоруудтай өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, АН-3 чиглэлийн зам дагуу олон улсын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд таатай нөхцлийг бүрдүүлэх онцгой ач холбогдолтой” гэлээ.

 


 

Холбоотой мэдээ