Монголбанкны Эрдэнэсийн сан 1 их наяд орчим төгрөгийн үнэлгээтэй үзмэрүүдтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.03.31) нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.
Энэ үеэр Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван УИХ-ын гишүүдэд Эрдэнэсийн сангийн талаар мэдээлэл хийлээ.
Монголбанкны Эрдэнэсийн сан нь 1984 онд үнэт металл, эрдэнэсийн зүйлсийг цуглуулж, хадгалж, хамгаалахаар байгуулагдсан бөгөөд үнэт металл, эрдэнэсийн зүйлсээр урласан урлагийн бүтээлүүдийг хадгалдаг. Одоогоор тус санд 1 их наяд орчим төгрөгийн үнэлгээтэй үзмэр бий бөгөөд тэдгээрийг олон нийтэд нээлттэй үзүүлэхийн зэрэгцээ “Чингис хаан” музейтэй хамтран ажиллаж, зарим хосгүй үнэт үзмэрийг тус музейд дэлгэн олон нийтэд үзүүлж байна. Сангийн тооллого, бүртгэлийг жил бүр хөндлөнгийн байгууллага гүйцэтгэж ирсэн, ямар нэг үзмэр, бүтээл алдагдаагүй аж.
Эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авахдаа Шинжлэх Ухааны Академи, Соёлын яам, МУИС болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл бүхий мэргэжлийн зөвлөлийнхөө санал, дүгнэлтэд үндэслэн, Төв банк холбогдох шийдвэрийг гаргадаг байна. Харин зарлагын тухайд, Эрдэнэсийн санг үндсэн болон гүйлгээ санд хуваах бөгөөд үндсэн сан байнгын болон байнгын бус хэсгээс бүрддэг аж. Үндсэн сангийн байнгын хэсэгт байх хосгүй үнэт түүх, соёлын дурсгалт зүйлсийг худалдах, шилжүүлэх, захиран зарцуулахыг хуулиар хориглодог. Харин үндсэн сангийн байнгын бус хэсэгт олон улсын жишгээр цэвэршүүлсэн үнэт металл, засаж өнгөлсөн эрдэнийн чулуу, түүх, соёлын үнэт дурсгалт зүйл, үнэт болон бусад металлаар хийж нөөцөд авсан зоос байдаг бөгөөд эдгээрийг зөвхөн УИХ-ын шийдвэрээр бусдад шилжүүлэх, худалдан борлуулах зохицуулалттай юм байна. Сонирхолтой нь, 1994 оноос хойш УИХ энэ төрлийн ямар нэг шийдвэр гаргаагүй тул Монгол Улсын Эрдэнэсийн сангаас энэ хугацаанд ямар нэг эд зүйлс гаргаагүй ажээ.