Израилд дахин жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-04-02 11:02:03

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху шүүхийн шинэчлэлийн төслийг батлах үйл явцыг зун хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан хэдий ч сөрөг хүчнийхэн бямба гаргийн орой дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Хамгийн том жагсаал өмнөх долоо хоногуудын адил Тель-Авив хотод болсон байна.  


Жагсагчид эхлээд хотын төв цэцэрлэгт гудамжаар бамбар, пиротехникийн хэрэгсэл бүхий томоохон жагсаал хийжээ. Тэд засгийн газрын эсрэг уриа лоозон барьж, Израилын далбааг намируулж, шүүхийн шинэчлэлийн төслөөс бүрмөсөн татгалзахыг шаардсан байна.


Эсэргүүцлийн жагсаал өмнө нь мөн олон мянган хүн оролцсон жагсаал болж байсан, хотын зүүн хэсэгт байрлах засгийн газрын байруудын цогцолборын ойролцоо дуусжээ.


Жагсаалын зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, шинэчлэлийн талаар буулцан тохиролцохоор завсарлага авсан гэж Ерөнхий сайд болон түүний танхимын гишүүд мэдэгдсэнд итгэхгүй байгаа тул жагсаалаа үргэлжлүүлж байгаа аж. Эрх баригч эвсэл цаг хожиж, эсэргүүцлийн давлагааг намжаахыг л оролдож байна гэж тэд үзэж байна.


Израилд 13 долоо хоног дараалан олныг хамарсан жагсаал цуглаан болж байгаа юм. Бямба гарагт Тель-Авиваас гадна бусад олон хотод жагсаал болсон байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр, тус улсын 150 хот суурин газарт жагсаал цуглаан болжээ.


Холбоотой мэдээ