БАЯНХОНГОР: 17 мянган мал зүй бусаар хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-03 15:37:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Он гарсаар Баянхонгор, Баянбулаг, Баян-Овоо, Баян-Өндөр, Бөмбөгөр, Бууцагаан, Галуут, Гурванбулаг, Жаргалант, Жинст, Заг, Өлзийт, Хүрээмарал, Эрдэнэцогт суманд 17 мянган том мал зүй бусаар хорогдоод байна.


Цаашид хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд олон улсын байгууллагууд малчдад дэм болох олон үйл ажиллагааг зохион байгуулж эхэлжээ.


Тухайлбал, Зудын эрсдэл их үнэлэгдсэн өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаа сумдад Дэлхийн зөн Олон улсын байгууллагын “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ” төслөөс Баянбулаг, Гурванбулаг сумын 150 зорилтот бүлгийн  малчин өрхөд 330 мянган төгрөгийн малын тэжээл, хүнс, ахуйн хэрэглэлийн тусламжийн багц, Галуут, Заг, Жаргалант, Эрдэнэцогт сумын 200 зорилтот бүлгийн малчдад 300 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгоод байгаа аж.


Мөн Монголын Улаан  загалмай нийгэмлэгээс 12  сумын 50 малчин өрхөд тодорхой шалгуурын дагуу 370 мянган төгрөгийн мөнгөн тусламж олгосон байна.


НҮБ-ын ХХААБ-аас Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Бөмбөгөр, Хүрээмарал зэрэг есөн сумын 97 малчин өрхөд малчдын амьжиргааг болзошгүй зудын эрсдэлээс хамгаалахад чиглэсэн бэлэн мөнгөний яаралтай тусламж, амин тун бэлдмэл, нөхөн үржихүйн насны охид эмэгтэйчүүдийн багц олгож, өвөл хаврыг хохирол багатай даван туулах сургалт хийж зөвлөмж зааварчилгаа өгч, ном, гарын авлага зэргээр хангажээ.


Мөн Хүүхдийг ивээх сангаас Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр сумын тус бүр 70 малчин өрхөд 250  мянган  төгрөг  бэлнээр  олгож, дөрвөн ширхэг хүчит тэжээлийн тусламж хүргэсэн байна.

Холбоотой мэдээ