Өнөөдөр Олимпын төрсөн өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/ 1896 оны дөрөвдүгээр сарын 6-ны энэ өдөр орчин цагийн анхны зуны спортын олимпын наадам Грекийн Афин хотод эхэлж байв. Анхны олимпод 14 орны 241 тамирчин, гэхдээ зөвхөн эрэгтэйчүүд спортын 9 төрөлд өрсөлджээ.
Нэгдсэн үндэсний байгууллагаас энх тайван байдал, нийгмийн хөгжилд спортын үүрэг нөлөөг нэмэгдүүлэх, олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор 2013 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг “Спорт – Энхтайван, хөгжлийн төлөө” олон улсын өдөр болгон тунхаглаж, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ.
Энэхүү өдрийг Олон улсын олимпын хороо дэмжиж, Үндэсний олимпын хороод болон спортын байгууллагуудад уриалан спорт, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг өрнүүлж байна.