БУЛГАН: Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэл хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-06 17:44:12

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сумын ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах талаар чиглэл хүргүүлсэн байна.

Өнгөрсөн онд АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс, аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 28 хэрэгт төрийн албан хаагч холбогдсон бөгөөд үүнээс 18 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн зөрчлийн хэрэгт 146 терийн албан хаагч холбогдсон байна.

Төрийн албан хаагчдын үйлдэж буй гэмт хэрэг, зөрчил гарах болсон шалтаан нөхцөлийг судлахад тэдгээрийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин мөрддөггүй, архи согтууруулах ундааг зүй зохистой хэрэглэдэггүй, сахилга хариуцлагагүй байдалтай холбоотой, нөгөө талаас тухайн байгууллагын удирдлагын зүгээс албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр сургалтыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулдаггүй, удирдлага зохион байгуулалт хангалтгүй байна гэж аймгийн Прокурорын байгууллага дүгнэжээ.

Аймгийн ИТХ нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн албан хаагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль, Терийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулах, аливаа баяр ёслол, байгууллага, сум орон нутгийн түвшинд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны явцад архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх уриалга, сурталчилгаа хийхийг сумын ИТХ-д зөвлөмж болгосон байна. 

Холбоотой мэдээ