ГОВЬ-АЛТАЙ: Энэ сарын 14-ний 9.00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-10 12:55:10

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт дөрөвдүгээр сарын 9-ний 9.00 цагаас 14-ний 9.00 цаг хүртэл шилжлээ.


Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг тус аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан, команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг шалгаж, бэлтгэл ажлыг хангуулах заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт дөрөвдүгээр сарын 9-ний 9.00 цагаас 14-ний 9.00 цаг хүртэл шилжлээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжснээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийн, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ