ДУНДГОВЬ: Цэцэрлэгийн багш нар “Хамтдаа хөгжье” уриан дор сайн туршлагаа хуваалцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн зүүн бүсийн сумдын цэцэрлэгийн багш нар “Хамтдаа
хөгжье” уриан дор харилцан туршлага солилцож, хамтран суралцлаа.
Сайнцагаан сумын 1, 4 ,5 дугаар цэцэрлэг, Баянжаргалан, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил сумын цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш нар нийт 64 хүн тус сургалт, туршлага солилцох уулзалтад оролцжээ.
Багшийн мэргэжлийн ур чадвар, арга зүй, заах арга барилыг сайжруулах, хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгаалал, сургалтын орчин бүрдүүлэхэд бие биеэсээ суралцах, мэдээлэл арга зүйгээ хуваалцах, арга замаа хэлэлцэх нь энэхүү үйл ажиллагааны зорилго байсан юм.
Энэ үеэр цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарын дунд Байгууллагын
гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, Дотоод хяналтыг оновчтой зохион
байгуулах, арга зүйчийн бичиг баримтын төлөвлөлт, хэрэгжилт сэдвийн хүрээнд
сургалт хийж, зөвлөгөө өгөх замаар хамтран ажилласан бол бүлгийн туслах багш
нарын дунд нээлттэй үзүүлэх ажил, багш нарын дунд нээлттэй хичээл явуулсан нь
сонирхолтой байлаа.
Түүнчлэн Сайнцагаан сумын 1,4,5 дугаар цэцэрлэгийн
сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцаж, оролцогчдын дунд сайн туршлага,
арга зүй солилцох хэлэлцүүлэг өрнүүлж, "Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр
боловсруулах арга зүй" сэдвээр сургалт хийжээ.
Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн арга зүйч С.Цэнгэлсүрэн санаачилгаараа Хүүхдийг ивээх санд “Үлгэрч багачууд” төсөл бичин дэмжлэг авсан бөгөөд энэхүү төслийн хүрээнд сургалтад оролцсон дээрх цэцэрлэгүүдийн бүх багш нарт үйл ажиллагаандаа ашиглах боломж бүхий зөөврийн спикер хүлээлгэн өгчээ.