БАЯНХОНГОР: УИХ-ын гишүүдийн урилгаар Тайванийн төлөөлөгчид Баянхонгорт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-17 15:08:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын А.Адъяасүрэн нарын урилгаар Тайванийн Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лөү, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Чэнь Чинь Янь нарын бүрэлдэхүүнтэй албаны хүмүүс Баянхонгор аймагт ажиллаж байна. 


Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан албаны бүрэлдэхүүнийг өнөөдөр /2023.04.17/ хүлээн авч уулзан, аймгийн худалдаа эдийн засаг, боловсролын салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. 


Хонгор нутгийн хүүхэд залууст Тайваньд суралцах боломж бололцоо, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг эрэлхийлэхэд гүүр нь болж ажиллах Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч, орон нутагт томоохон боломж, гарцыг олж  өгсөн УИХ-ын гишүүдэд аймгийн удирдлага мөн үеэр талархал илэрхийллээ.


Уулзалтын хүрээнд ирэх есдүгээр сарын 1-ний дотор Баянхонгор аймагт хятад хэлний сургалт хичээллүүлэх мэргэжлийн багштай болсон байх талаар талууд тохиролцов. 


УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн болон Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч, хатагтай Грэйс Ж.Р.Лөү нар аймгийн бизнес эрхлэгч нартай ямар боломжид тулгуурлан хэрхэн хамтран ажиллах талаар, төгсөх ангийн сурагчид болон Боловсрол шинжлэх ухааны газрын бүрэлдэхүүнтэй уулзаж Тайваньд суралцах боломжийн талаар мэдээлэл өгсөн байна.

Холбоотой мэдээ