АРХАНГАЙ: Малын вакцины асуудлыг яаралтай шийдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-18 09:36:14

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Архангай аймагт ажилласан. Энэ үеэр УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагуудын зүгээс хаваржилт хүндэрч, малын хорогдол их байгаатай холбогдуулан УОК-д хүсэлт тавьсны үр дүнд 150 тн тэжээлийг зах зээлийн ханшаас 70 хувийн хямдралтай үнээр шийдвэрлэж өгснийг татан авч, сумдад тэгш хуваарилаад байна.


Мөн Шадар сайдын шийдвэрээр Цахир сумын ЭМТ болон Төвшрүүлэх сумын ЗДТГ-т автомашин шийдсэнийг хүлээлгэн өгсөн юм.


Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын баг Архангай аймгийн Онцгой комиссыг өнөөдөр өглөө хуралдуулж, мэдээлэл сонслоо.


Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Б.Цэрэннадмид өвөлжилт, хаваржилтад бэлтгэсэн байдал, хүндэрсэн нөхцөл байдалд ямар арга хэмжээ ажилласан талаар, мөн шороон шуурганд өртсөн өрхүүдэд хэрхэн дэмжлэг үзүүлсэн зэргээр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 


“Архангай аймгийн хувьд малын хорогдол нийт мал сүргийн 3.3 хувь буюу 200602 толгой мал хорогдоод байна. Аймаг, орон нутгийн зүгээс аймгийн Онцгой комиссын даргын 2023 оны 04 дүгээр тушаалаар аймгийн хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлтэй үнэлэгдсэн 10 суманд 50 хувийн хөнгөлттэй үнээр 72 тонн малын тэжээлийн будааны дэмжлэг үзүүлсэн. 


Мөн Онцгой комиссын даргын 2033 оны 05 дугаар тушаалаар аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрсэн 10 суманд аймгийн аюулгүйн нөөцөд 2021 онд бэлтгэсэн 700 шуудай хивэг, 500 шуудай хорголжинг тус тус 50 хувь хөнгөлөлттэй үнээр, 2018 од бэлтгэсэн 700 шуудай ашигт долооцыг үнэгүйгээр олгосон” зэрэг мэдээллийг аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид өглөө.


Хурлын төгсгөлд “Малын вакцины хүрэлцээ хангамжийн тал дээр онцгой анхаарч, холбогдох яамтай хамтран, яаралтай шийдвэрлэнэ. Мөн малын хорогдол их байгаа нь улсын хэмжээнд хамгийн өндөр нь байна. Малын сэг зэм ч их байгаа учраас аймгийн Онцгой комисс энэ ажилд анхаарч, даруй цуглуулж, булж устган халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай байна. Дээрээс нь ирэх 6 дугаар сар хүртэл хугацаанд ихэнхдээ салхи, шуургатай хуурайшилттай байх учраас ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилд анхаарах зэрэг тодорхой хэдэн асуудалд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү чиглэл өглөө.

Холбоотой мэдээ