БАЯНХОНГОР: Энэ онд 600 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-24 15:08:33

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд 2022 онд 211 мянга гаруй мод тарьсан бол энэ онд 600 мянган мод тарьж, усалгаа арчилгааг хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

2020 оны судалгааны үнэлгээгээр Баянхонгор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 98.1 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс нэн хүчтэй 9.8 хувь, хүчтэй 33.6 хувь, дунд зэрэг 54.7 хувийг тус тус эзэлж байна. Иймээс аймгийн хувьд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулахад чиглэсэн агро-ойн аж ахуйг хөгжүүлж, иргэдийн амьжиргааны тогтвортой эх үүсвэрийг бий болгох, иргэдэд мод тарих соёлыг төлөвшүүлэх нь хамгийн бодит үр дүн болох юм. 



Баянхонгор аймаг нь шилмүүст ойтой 5 сум, заган ойтой 7 сумын ойн сангийн нийт талбай 820681 га буюу аймгийн нутаг дэвсгэрийн 7.06 хувийг эзэлдэг. Нэг сум дундын ойн ангитай бол 12 ойн нөхөрлөл ажиллаж байна.

Тус аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст сумын 787.246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумдын 33.435 га талбайд шинэсэн ой ургаж байгаа аж.

Сонирхуулахад, Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсийн баруун талд 30 га газар хашиж, ойн зурвас хэлбэрээр мод тарих ажлыг эхлүүлжээ. Тус талбайд нийтдээ 75 мянган мод тарих зорилттой бөгөөд услалтын системийг суурилуулж, усалгаа, худгийн асуудлыг шийдсэн байна.

Холбоотой мэдээ