Хадны зургаар манай улс дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-09-07 16:15:12

Монгол-Орос-хятадын археологийн форумын хүрээнд “Орос, Монгол, Хятадын хил залгаа бүс нутгийн эртний нийгмүүдийн соёлын хувьсал ба харилцан нөлөөлөл: Төв Ази ба Умард Хятадын хадны зураг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн жил Хятад улсад анх удаа зохион байгуулсан бол энэ жил Монголд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ийн Эдийн соёлын түүхийн хүрээлэн, БНХАУ-ын Ардын их сургуулийн Умардын үндэстнүүдийн археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль хамтран зохион байгуулав.

Хадны зургийн тархалт, агуулгаар манай улсын нутаг дэлхийд тэргүүлэх байр суурьтай болохын хувьд Монголын археологийн голлох чиглэл болж идэвхтэй хөгжиж байгаа билээ. Гадаадад бага танигдсан Монголын хадны зургийн гайхамшигт дурсгалуудыг дэлхийд таниулах, олон улсын хэмжээний мэргэжилтнүүдээр дамжуулан сурталчлахад энэхүү эрдэм шинжилгээний хурал чухал ач холбогдолтой юм. 

Энэ удаагийн хуралд ОХУ-аас зургаа, БНХАУ-ын найман судлаач хүрэлцэн ирсэн бол манай орны таван эрдэмтэн илтгэл хэлэлцүүлэв.

Хурлаас Төв Азийн бүс нутаг, цаашилбал Евразийн хэмжээнд Монголын хадны зургийн эзлэх байр суурийг дотоод гадаадын судлаачдын хамтын чармайлтаар тодруулан, дан бүс нутгийн өргөн дэвсгэр дээр хамтарсан судалгааг хөгжүүлэх боломжийг нээх юм.

Гурван орны судлаачид маргаашнаас эхлэн монгол орны түүх дурсгалын олдворуудтай танилцах аялалд гарах аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.БатбаярХ

 

Холбоотой мэдээ