Экспортын дүн импортоос 2.4 тэрбум ам.доллароор давжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-03 10:32:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газраас дөрөвдүгээр сарын статистик урьдчилсан мэдээллийг танилцууллаа. Мөн албан хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр хийсэн дотоод хяналт шалгалтын дүн, өнгөрсөн хугацаанд гаалийн байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол саналын талаар мэдээллээ. 


ГЕГ-ын Статистик дүн шинжилгээний хэлтсийн мэдээлснээр, бараа бүтээгдэхүүний экспорт, импортын оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллароор өсжээ. Үүнээс:

  • Экспорт 2.3 тэрбум ам.доллароор,
  • Импорт 0.3 тэрбум ам.доллароор нэмэгдэж, гадаад худалдааны нийт бараа эргэлт өсөхөд нөлөөлжээ.

Экспортын дүн импортоос 2.4 тэрбум ам.доллароор давж гарснаар гадаад худалдааны баланс эерэг үзүүлэлттэй байна. Нийт импорт 2.7 тэрбум ам.долларт хүрч, 311 сая ам.доллар буюу 13.2 хувиар өсөв. Үүнд нефтийн бүтээгдэхүүн 44 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Мөн машин, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн импорт 31.5 хувиар өссөн нь удаалж нөлөөлөв. Импортын бүтцийг авч үзвэл:

  • 10.8 хувийг хүнсний бүтээгдэхүүн,
  • 21.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн,
  • 37.3 хувийг автомашин, машин механизм, техник тоног төхөөрөмж, тэдгээрийн эд анги,
  • 30.8 хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

Оны эхний дөрвөн сарын байдлаар 18.780 ширхэг суудлын автомашин, 5712 ширхэг ачааны автомашин импортолжээ.


Гаалийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг нээлттэй ил тод, ашиг сонирхлын эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүр тулсан харилцааг бууруулах зорилгоор бүх төрлийн үйлчилгээгээ шат дараатайгаар цахимжуулж байна.

Энэ хүрээнд Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар Замын-Үүд, Улаанбаатар дахь гаалийн газрын албан хаагчдын ажил үүргийн 15 хоног, нэг сар тутмын хуваарьт томилгоог хүний оролцоогүйгээр хийх программ хангамжийг бүрэн нэвтрүүлжээ.

Тодруулбал, 4 дүгээр сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газарт, 5 дугаар сарын 1-эээс эхлэн Замын-Үүд дэх гаалийн газарт албан хаагчдын 15 хоног, 1 сар тутмын ажил, үүргийн хуваарийг хүний оролцоогүй цахимжуулах ажлыг нэвтрүүлж байна. Ингэснээр албан хаагчдын ажил үүргийн хуваарь, томилгоог нээлттэй, ил тод байлгах, нүүр тулсан харилцааг бууруулж, авлига үүсэхээс урьдчилан сэргийлэх юм гэдгийг мэдээллээ.

Холбоотой мэдээ