АРХАНГАЙ: Сүүлийн 10 жилд гараагүй малын хорогдол энэ жил гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-05-04 15:59:33

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 19 сумын 101 багийн 8207 хот айлд 19,4 мянган малчин болон мал бүхий өрхийн 5,8 сая толгой мал хаваржиж байна.


Аймгийн ХХААГ-аас малын хорогдлын мэдээг долоо хоног бүр авч, холбогдох дээд газарт хүргүүлж байна.


Энэ сарын 3-ны байдлаар нийт 376668 толгой мал хорогдсон нь нийт мал сүргийн 6,4 хувийг эзэлж байна. Үүний дотор тэмээ 35, адуу 29709, үхэр 54413, хонь 164629, ямаа 127882 толгой хорогджээ. Өөрөөр хэлбэл, бод малын 6.6 хувь, бог малын 6,4 хувь нь хорогдсон дүн мэдээ байна.


2021-2022 оны өвөл, хавар нийт 32 мянган толгой мал хорогдсон бол энэ жил даруй нэмэгдэж 376 мянга давсан нь сүүлийн 10 жилд гараагүй хорогдол гэдгийг аймгийн ХХААГ-аас мэдээлж байна.


Энэ онд аймгийн хэмжээнд 2,1 сая толгой хээлтэгч мал төллөхөөс өнөөдрийн байдлаар 64.8 хувь буюу 1402041 мянган толгой хээлтэгч мал төллөсөн байна. Задалбал, хээлтэгч бодын 28,1 хувь, богийн 72,5 хувь нь төллөжээ.


Гарсан нийт төлийн 21 хувь нь хорогдсон ба төл бойжилт 79.0 хувьтай байна.

Холбоотой мэдээ