Зарим нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-05-19 11:00:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтийн нутгаар өнөөдөр цасан шуурга шуурна. Өнөөдөр Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхаарууллаа.

2023 оны 5 дугаар сарын 20-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг болон Онон голын сав газраар, 22-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 20-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +2+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6+11 градус, өдөртөө +18+23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0+5 градус, өдөртөө +12+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +7+12 градус дулаан байна. Энэ сарын 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст дулаарна.

Холбоотой мэдээ