ДАРХАН-УУЛ: Номын баярыг “Хүүхэд бүр уншигч” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-22 14:32:54

Дархан /МОНЦАМЭ/. Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд"-ийг тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ хүрээнд Дархан хотын номын баярыг “Хүүхэд бүр уншигч уриан дор залуучууд театрт өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.




Төв номын сан номын баярыг угтан уулзалт, уралдаан тэмцээнүүдийг зарласан бөгөөд "Судар-Эрдэнэ" богино өгүүллэгийн уралдаан, Англи номын орчуулгын уралдаануудад 153 оролцогч оролцож, шалгарсан хүүхдүүдэд шагналыг нь гардуулав.

Энэ удаагийн номын баяраар Дархан сумын алслагдсан баг болох 15, Малчин багийн төвүүдэд Номын сан, сургалт мэдээллийн төв хамтран байгуулахаар төлөвлөж номын хандивын аяныг өрнүүллээ. Уг хандивын аяныг дэмжиж аймгийн ЗДТГ-ын хамт олноос 147, Соёл урлагийн газар 38 ном, нэгдсэн эмнэлгийн сувилахуйн алба 138 ном, зохиолч О.Цэндийн үр хүүхдүүдээс 50 ном, Дархан сумын ИТХ-аас 20 ном болон бусад анги хамт олон, ахмадуудаас 100 гаруй боть, ном цуглажээ.




Номын хандивын аяны хүрээнд цугласан 256 номыг Д.Түвшинтөр даргатай 15 дугаар багийн хамт олонд Төв номын сан болон Дархан хотын иргэдийн төлөөлөл гардуулан өгсөн аж. Тус 15 дугаар багийн эцэг, эхийн зөвлөл нь өөрсдийн санаачилгаар төсөл бичиж Дэлхийн зөн ОУБ-аас сургалтын танхим тохижуулах дэмжлэг авсан бөгөөд соён гэгээрүүлэх, ном соёлоор баялаг бүтээлч, иргэд уншигчдад нээлттэй байлгахыг зорьж номын сантай баг болохоор зорилт дэвшүүлжээ.



Мөн "Зохиолч - уншигч" уулзалтыг төв номын сангаас зохион байгууллаа. "Уутан хацарт" номын зохиолч МУСГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, зураач Б.Нямдаваа нар оролцож Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн 6-11 анги, Од цогцолбор сургуулийн 10-2 ангийн сурагчид оролцож, тухайн номд гарах дүрүүд, зургийн талаарх сонирхолтой ярилцлагуудыг өрнүүлэн, чөлөөт ярилцлага хийлээ.




Зулзагын голын нарсан ойг хамгаалах, түүний ач холбогдол, үр өгөөжийг таниулж хүүхэд багачуудыг байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалахад уриалсан уг зохиол нь  сурагчдад байгаль дэлхийгээ хамгаалах сэдлийг өгөхийн зэрэгцээ мод тарих үйлсэд нэгдэх санаачилгыг энэ энэ үеэр зохиолчид дэвшүүлжээ.



Номын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх өдрийн хүрээнд бямба гарагт "Мэдлэг ба сэтгэлгээ өдрийн тэмдэглэл" шинэ номын нээлт боллоо. Радио телевизийн Тэргүүний ажилтан, МҮОНРТ-ийн ахмад ажилтан Д.Жамсрангийн гурав дахь бүтээлийг Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийн хүрээнд өлгийдөн авч, уншигчдадаа өргөн барилаа.



Номын баярын үйл ажиллагааг Дархан сумын ЗДТГ, Соёл урлагийн газар, Их дээд сургуулиуд, ЕБС, Соёлын байгууллагууд, Интер номын дэлгүүр, All in one дэлгүүр, Дархан номын түрээс худалдаа, Дархан сумын Ахмадын хороо, багийн дэргэдэх зөвлөлүүд зэрэг төр, хувийн хэвшлийн нийт 19 байгууллага хамтран зохион байгууллаа.

Мөн номын баярын үеэр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, аймгийн Засаг даргын шагналуудаар таван хүн,  Шилдэг уншигч - тэргүүний ангиар таван анги, тэргүүний гурван уншигч тус тус шалгарч Д.Нацагдорж тэмдэгтэн боллоо.




Ташрамд, анх 1950 оноос “Хуучин номын худалдаа”, 1955 оноос “Хүүхдийн номын зах”, 1990 оноос ”Номын баяр”, “Номын үзэсгэлэн’, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр”, 2022 оноос Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болон өргөжсөн аж.


Холбоотой мэдээ