Засгийн газрын 24 тусгай сангийн мэдээллийг ил тод байршуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-02 13:50:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас зарласан таван "Ш” ажиллагааны хүрээнд “Шилэн” ажиллагааг эхлүүлсэн. Уг ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 сан, тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг ил тод байршуулсан болохыг ЦХХХЯ-наас өнөөдөр мэдээллээ. 


Ингснээр shilen.gov.mn сайтын тусгай сан хэсгээс дараах мэдээллийг дэлгэрэнгүй харж болох аж. Үүнд: 

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 2009-2022 оны хооронд нийт 8403 хүн, хуулийн этгээдэд олгосон 1 их наяд төгрөгийн зээлийн мэдээлэл, үүнээс 213.2 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг жагсаалтын хамт; 

-Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 1994–2022 оны хооронд нийт 8993 хүн, хуулийн этгээдэд олгосон 207 тэрбум төгрөгийн зээлийн мэдээлэл болон 169.7 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг жагсаалтын хамт;

-Улсын авто замын сангийн 2008–2023 оны хооронд нийт 106 хуулийн этгээдэд олгосон 522 төсөл хөтөлбөрийн 231,1 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт;

-Соёл, урлагийг дэмжих сангийн 2020–2022 оны хооронд нийт 73 хүн, хуулийн этгээдэд олгосон 2,8 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт; 

-Кино урлагийг дэмжих сангийн 2023 онд 11 хүн, хуулийн этгээдтэй байгуулсан 1 тэрбум төгрөгийн санхүүжилт, одоо хэрэгжиж байгаа гэрээний мэдээллийг жагсаалтын хамт;  

-Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн 2012–2023 оны хооронд гэмт хэргийн хохирогч болсон 474 иргэнд олгосон 2,6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр, 1,6 тэрбум төгрөгийн авлагийн талаарх мэдээллийг жагсаалтын хамт;  

-Боловсролын зээлийн сангийн 2007-2023 оны хооронд нийт 1605 суралцагчид гадаадын зээл тэтгэлгийн чиглэлээр олгосон 269.9 тэрбум төгрөгийн санхүүжилт, түүнээс 259.7 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг жагсаалтын хамт; 

-Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн 2017-2023 оны хооронд давхардсан тоогоор 666 байгууллага, 18477 суралцагчид олгосон 72.2 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээллийг жагсаалтын хамт; /Тус сангийн 2011-2016 оны мэдээллийг ирүүлээгүй./

-Шинжлэх ухаан, технологийн сангийн 2007–2022 оны хооронд нийт 381 хүн, хуулийн этгээдэд олгосон 2780 төсөл хөтөлбөрийн 151.9 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт; 

-Байгаль орчин, уур амьсгалын сангийн 2013-2022 оны хооронд 724 хүн, хуулийн этгээдэд олгосон 1095 төсөл хөтөлбөрийн 17.7 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг жагсаалтын хамт; 

-Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2009-2023 оны хооронд 2000 гаруй иргэнд 3.1 тэрбум төгрөгийн тусламж олгосон талаарх мэдээллийг жагсаалтын хамт; 

-Нийгмийн халамжийн сангийн 2008-2022 оны хооронд орлого зарлагын мэдээллийг, 2016-2022 оны хооронд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлт, ахмад настанд үзүүлсэн тусламж хөнгөлөлт, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлдэг 967 хуулийн этгээдэд олгосон санхүүжилтийн мэдээллийг жагсаалтын хамт;  

-Нийгмийн даатгалын сангийн 2008-2022 оны хооронд орлого зарлагын мэдээллийг, 2010-2020 оны банкинд байршуулсан мөнгөн хөрөнгийн дүн, хүүгийн орлогын мэдээллийг жагсаалтын хамт;  

-Хүүхдийн төлөө сангийн 2021-2023 оны хооронд нийт 11 тэрбум төгрөгийн хуримтлалыг үүсгэсэн ба үүнээс 106.7 сая төгрөгийг нийт 45 хүүхдэд хоёр төрлөөр зарцуулсан талаарх мэдээллийг; 

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2012-2022 оны хооронд давхардсан тоогоор 1.8 сая иргэнд 628.7 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн ба үүний 122.2 тэрбум төгрөг нь санхүүгийн дэмжлэг хэлбэрээр олгогдсон, нийт 58.2 тэрбум төгрөгийн авлагатай байгаа талаарх мэдээллийг жагсаалтын хамт;  

-Ирээдүйн өв сангийн 2017-2022 оны орлого, зарлагын мэдээллийг;   

-Төсвийн тогтворжуулалтын сангийн 2011-2022 оны орлого зарлагын мэдээллийг;  

-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018-2022 оны хооронд орлого зарлагын мэдээллийг жагсаалтын хамт; /Тус сан нь 2018 оноос өмнө нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан тул 2008-2018 оны орлого, зарлагын мэдээллийг Нийгмийн даатгалын сангийн хэсгээс харах боломжтой/

-Эрүүл мэндийг дэмжих сангийн 2008-2023 оны хооронд нийт 658 хуулийн этгээдэд 28.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон мэдээллийг жагсаалтын хамт;  

-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 2009-2022 оны хооронд 484 хуулийн этгээдээс нийт 47,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, 155 төсөл, хөтөлбөрийн санхүүжүүлэлтэд 38.6 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг жагсаалтын хамт;  

-Спортын дэмжих сангийн 2017–2019 оны хооронд нийт 62 хуулийн этгээдэд олгосон 66 төсөл, арга хэмжээний 4.9 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаарх мэдээллийг тус тус үзэж болно.


"Шил" ажиллагааны хүрээнд 120 гаруй төрийн байгууллагын 400 гаруй багц мэдээллийг хүлээн авч, одоогоор 729,935 мэдээллийг байршуулсан ба нийт 2,1 сая удаагийн хандалтыг авчээ.

Холбоотой мэдээ